E-Sight
Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний шилжилтийн алийг нь сонгох вэ?

Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний шилжилтийн алийг нь сонгох вэ?

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Өнгөрсөн хоёр жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилээр тэмдэглэгджээ. Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) буюу Давосын чуулганы жил бүр байнга хөнддөг сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт байдаг билээ. Тэгвэл өнгөрсөн онд түүхэн дэх хамгийн халуун жил тохиосныг 2025 оны чуулганаар мэдэгдлээ. 2024 онд аж үйлдвэржилтийн өмнөх (1850-1900 он) үеийн дунджаас 1.46 хэм давж, 1850 оноос хойших хамгийн халуун жилд тооцогдож байна. Үүнтэй холбоотой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийллээ.

Хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 2025 онд 1.1 их наяд, 2030 онд 1.8 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг НҮБ гаргажээ.

Эрчим хүчний шилжилтээс илүүтэй эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах хэрэгтэй гэдэг. Үүнийг дагаад чулуужсан түлшний хэрэглээ нэмэгдсээр байна. 2023 онд чулуужсан түлшний хэрэглээ 140 мянган ТВт.цагт хүрснээр бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэгвэл чуулганы оролцогчдын нэг, Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол үүнд хариуллаа. Тэрээр “Эрчим хүчний бодлогыг зөв боловсруулснаар бид эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадна... Хүн төрөлхтөн эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний шилжилт гэсэн хоёр чухал зорилтыг эсэргүүцэх нь төөрөгдөл. Бид аль алийг нь хийж чадна. Өмнө нь бид ийм олон чухал асуудлын ард гарч байсан” гэв.

Хэдийгээр эрчим хүчний шилжилт зорилтдоо хүрэхэд харьцангуй удаашралтай байгаа ч эрчим хүчний шилжилтийг зогсоох боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Тэдний нэг нь НҮБ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Саймон Стиэлл “Дэлхийд эрчим хүчний шилжилт явагдаж байна. Үүнийг зогсоох боломжгүй” гэж Давосын чуулганаар хэлсэн юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээрээс гарсныг “Хэрэв АНУ эргээд Парисын хэлэлцээрт орохыг хүсвэл хаалга нээлттэй” хэмээв. 2024 онд эрчим хүчний шилжилтийн хөрөнгө оруулалт 2.1 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь өмнөх жилээс 11 хувиар өссөн үзүүлэлт. Цахилгаанжсан тээврийн 757 тэрбум ам.долларын өсөлт нөлөөлсөн. Харин цахилгаанжсан дулаан үйлдвэрлэл, устөрөгч, нүүрстөрөгчийн хадгалалт, цэвэр усан тээвэр зэрэг шинэ технологийн хөрөнгө оруулалт буурч, 155 тэрбум ам.доллар болжээ. Эрчим хүчний шилжилтийн нийт хөрөнгө оруулалтын 36 хувийг БНХАУ, үлдсэн хувийг АНУ, Европын Холбоо, Их Британи зэрэг улс эзэлсэн байна.

Нийтлэлийн дэлгэрэнгүйг Энержи Инсайт сэтгүүл 2025.01, №01 (009) дугаараас уншина уу.