Эрчим хүчний зохицуулах хороо болон "УБЦТС" ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг хэрэглэгчдийн гомдлын дагуу хяналт тавин ажиллаж байгаа юм. Уг хяналтын үр дүнгээс үзэхэд ихэнх айлууд дулаан алдагдалтай байгаа нь тогтоогджээ. Дулаан алдсанаар цахилгааны төлбөрт нөлөөлдөг. Тэгвэл хяналтад хамрагдсан зарим айл дулаан алдагдалгүй болсноор цахилгааны төлбөр 50 хувиар буурч болохыг аудиторууд хэлж байна.
Дулаан алдагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?
Дулаан алдагдлыг тусгай зориулалтын багажаар хэмжихээс гадна байшин, сууцныхаа хана, булан тохойг гараараа дарж үзэхэд салхи сийгж, хүйтэн хана хайрч байвал дулаан алдаж байна гэсэн үг. Мөн байшин, сууцны цонх хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж буй аж. Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр дамжин барилгын дулаан 80-90 хувиар алдагддаг байна.
● Барилгын хашлага хийцийн дулаан дамжуулалтыг багасгахын тулд шал, хана, тааз, дээвэрт дулаалга хийх,
● Агаар нэвтрэлтийн алдагдлыг хязгаарлах, цонх, хаалганы завсар зайг битүүмжлэх эсвэл чанар сайтай цонх, хаалгаар солих,
● Завсар зай, нүх сүвийг битүүлэх байдлаар барилгыг ерөнхийд нь битүүмжлэл сайтай болгох,
● Гадна болон дотор агаарын температурын зөрүүг багасгах замаар дулааны алдагдлыг бууруулдаг байна. Үүний тулд шөнийн цагт болон ашиглалт багатай өрөөний температурыг бууруулах хэрэгтэй аж.