Засгийн газрын (2025.02.26) хуралдааны 115 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл, өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн журамд өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх хугацааг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг байсныг сунгаж 21:00-09:00 цаг болгож байна. Мөн 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 700 кВт.ц хөнгөлөлтөд хамрагддаг байсныг 1500 кВт.ц, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 1500 кВт.ц хөнгөлөлт эдэлдэг байсныг 3000 кВт.ц болгож хэрэглээний дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүллээ.
Засгийн газрын хуралдаанаар (2025.02.19) Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн хэрэглэнэ. Хоёр, гуравдугаар сард энэ хөнгөлөлтийг үзүүлнэ. Мөн 2025 оны 11, 12 дугаар сард дахин хөнгөлөлт үзүүлэх тооцоолол гарсан. Эл хөнгөлөлтийг хэрэглэхэд нийтдээ 43 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэр Эрчим хүчний сайдын багцад татаасын хэлбэрээр 2025 оны төсөв батлагдахад суусан учраас ард иргэддээ хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.