E-Sight
Хятад сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ татаас олгохгүй

Хятад сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ татаас олгохгүй

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Хятад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд татаас олгохгүй болсныг тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (2025.02.09) мэдэгджээ.  

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн мэдээллээр, 2024 онд Хятадын нарны эрчим хүчний шинэ хүчин чадал өмнөх оныхоос 45 хувиар нэмэгдсэн байна. Нийт хүчин чадал бараг 887 ГВт хүрсэн нь АНУ-аас зургаа дахин их хүчин чадалтай болжээ. 

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос зах зээлд чиглэсэн бодлогын өөрчлөлт хийж, цэвэр эрчим хүчний төслүүдийг дэмжсэнээр тус улс 2030 он хүртэлх зорилтоо зургаан жилийн өмнө биелүүлсэн гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байна.  

Бүх төрлийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал нь Хятадын нийт эрчим хүчний 40 гаруй хувьд хүрчээ. Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох зардал өмнөх үе шатуудтай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан гэдгийг мөн мэдээлжээ.  

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ оны зургаадугаар сараас хойш хэрэгжиж дуусах бүх шинэ төслүүд зах зээлийн арилжааны үнээр цахилгааны төлбөрийг тооцох аж. Орон сууц, хөдөө аж ахуйн хэрэглэгчдийн хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй, харин аж үйлдвэр, худалдааны бизнесүүдийн цахилгааны үнэд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэж Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзэж байна.