E-Sight
Швед улс хог хаягдал шатааж эрчим хүчний хэрэглээгээ хангадаг

Швед улс хог хаягдал шатааж эрчим хүчний хэрэглээгээ хангадаг

Хэнд ч хэрэггүй гээд хаядаг хогийг дахин боловсруулж эрчим хүч болгож байгаа улс бол Швед аж.  Тус улс хог шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг систем нь дэлхий даяар хамгийн сайн жишээ болдог ногоон эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг. Швед хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж, үлдсэн 1 хувийг хогийн цэгт хаядаг байна. Шведийн хог боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал өндөр тул бусад орноос хог хаягдал импортолж эрчим хүч болгон хувиргадаг. Жишээлбэл, Норвег жил бүр 800 мянган тонн хог хаягдал Шведэд нийлүүлдэг байна.

1990 оноос Швед хог хаягдлаа хянах, дахин боловсруулах системийг хөгжүүлсэн бөгөөд үр дүнд нь хог хаягдлыг орон нутгийнхаа хэрэглээнд үр өгөөжтэйгөөр ашиглаж байгаа юм. Тухайлбал орон сууцны халаалт, дулааны хангамжийг төвөггүй шийдэж, хогноос био хий гарган автобуснуудаа ажиллуулдаг аж. Энэ арга барил нь байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, мөн дэлхий дахинд хог хаягдлын менежменттэй холбоотой шинэ санаачилга гаргах боломжийг олгож байна.

Тэгвэл манай улсад инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд 2024-2028 онд нийслэлд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдэгдсэн.

Тухайлбал, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих аж. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ гэж үзэж байна. Цаашлаад төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.