БНЧех улс сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний томоохон хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан Үндэсний эрчим хүч, цаг уурын шинэчилсэн төлөвлөгөөгөө Европын Комисст өргөн барьжээ. Европын холбооны нүүрстөрөгчийг ангижруулах зорилттой уялдуулан Чех улсын эрчим хүчний салбарын хөгжлийн загварын шинэчлэлийг Үйлдвэр, худалдааны яам болон Байгаль орчны яам хамтран боловсруулсан байна. Үйлдвэр, худалдааны сайд Лукаш Влчек "Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь сэргээгдэх болон цөмийн эрчим хүч дээр суурилж, цаашид устөрөгчийн эх үүсвэрийн үүрэг ч өргөжих магадлалтай"-г онцолжээ. Байгаль орчны сайд Петр Хладик "Энэ төлөвлөгөө нь 2050 он хүртэлх Чехийн эрчим хүчний салбарын ирээдүйн стратегийн алсын харааг илэрхийлнэ. Төлөвлөгөө нь хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулалтаа урт хугацаанд төлөвлөхөд онцгой ач холбогдолтой" гэдгийг тодотгосон байна.
2023 онд тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 16.5 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзэлж байсан бол шинэ төлөвлөгөөгөөр 2030 он гэхэд 28 хувь, 2050 онд 46 хувьд хүрч нэмэгдэх аж. Цөмийн эрчим хүчний эзлэх хувь 2030 он гэхэд 44 орчим хувь, шинэ реакторууд ашиглалтад орсноор 2040 онд 68 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй.
Чехийн дулааны үйлдвэрлэлийн 28 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг бөгөөд 2030 онд 40 хувь, 2050 онд 74 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөж байна. Мөн тус улс АЦС-ыг дулаан үйлдвэрлэлд ашигладаг. Одоогийн байдлаар зургаан цөмийн реактор ажиллаж байгаа нь нийт эрчим хүчний 3/1-ийг үйлдвэрлэж байна. Томоохон дөрвөн блок, жижиг модуль реактор шинээр барьж нийт 3 ГВт хүртэлх хүчин чадлыг нэвтрүүлэх замаар цөмийн эрчим хүчний чадлыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Тэгвэл тухайн төлөвлөгөөнд “байгалийн хий нь түр зуурын эх үүсвэр болно, дараа нь аажим Чех улсын эрчим хүчний бүтцээс бүхэлдээ хасагдаж, оронд нь сэргээгдэх, бага ялгаруулдаг хий, тэр дундаа устөрөгчөөр солигдоно" гэж тодорхойлжээ.