E-Sight
Эрчим хүчний сайд салбарын ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзжээ

Эрчим хүчний сайд салбарын ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзжээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газрын дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 17 байгууллагаас 11 төлөөлөл оролцжээ.

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үнэ тариф, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгуулах талаар санал солилцсон байна.

Мөн улсын төсвөөр хийгдэж буй ажлын эрхийг шилжүүлдэг, орон нутагт тендер зарладаг, дүгнэдэг байдлыг зогсоох, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл саналаа илэрхийлжээ. Эрчим хүчний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа хумигдаж буйг хэлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрийн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж үе шаттай зохион байгуулах хүсэлтээ уламжилсан байна.