Өнөөдөр (2024.09.13) Монгол банкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцууллаа.
Инфляцын шинэчилсэн төсөөллөөр ирэх оны дунд үед инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх хүлээлттэй байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эрчим хүчний үнийн өсөлт. Засгийн газраас олон нийтэд өгч байгаа мэдээллийн дагуу эрчим хүчний үнийн өсөлтийг инфляцын тооцоонд оруулсан. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувь, дулааны эрчим хүчийг 50 хувиар өсгөсөн тохиолдолд инфляцад 0.8-1.2 нэгж хувийн өсөлтийг бий болгоно гэж тооцсон. Шууд нөлөөлөл нь хэрэглээний үнийн сагсны жингээр тооцвол 0.8 хувь байна. Айл өрхийн эрчим хүчний үнэ өсөхөд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг өсгөж магадгүй. Үүний нөлөөлөл нь 0.2-0.4 байхаар тооцсон.
Аж ахуйн нэгжийн цахилгааны өсөлтийг оруулаагүй. Хэрэв аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг 28-30 хувиар өсгөвөл нэмэлт 0.8 хувийн инфляцын дарамтыг бий болгоно. 0.8 хувийн нөлөөлөл нь хугацааны хувьд жилийн турш дам явж хуримтлагдах нөлөөлөл байна.