E-Sight
GRES: Хөгжиж буй орнууд шилжилт хийхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй

GRES: Хөгжиж буй орнууд шилжилт хийхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтаар GRES (2024.09.24) уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү хөрөнгө оруулахыг уриалж, хөгжиж буй орнууд шилжилт хийхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй талаар улс орны удирдагчид мэдэгджээ.

Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний чадлыг гурав дахин нэмэгдүүлэх амлалтын нэг хэсэг болгон Африкт сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр "Африк нь дэлхийн хамгийн сайн нарны эрчим хүчний боломжуудын 60 хувийг хамарсан улс ч сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хөрөнгө оруулалтын 50 хүрэхгүй хувийг авч байна" гэжээ.

Жижиг орнуудад сэргээгдэх эрчим хүчний өртөг чулуужсан түлшнээс өндөр байна. Чулуужсан түлшинд оруулах хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчнийхээс илүү учир цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх нь бодит байдал дээр өндөр өртөгтэй тусаж буйг Барбадосын Ерөнхий сайд Миа Моттл онцолсон байна.

Энэ оны арваннэгдүгээр сард болох COP29 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орон Азербайжан нь цахилгаан эрчим хүчний нөөцөө зургаа дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэгдэл, санхүүгийн байгууллагууд 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний салбарт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг Засгийн газруудад уриалсан байна. Энэ нь урт хугацааны эрчим хүчний төслийн гэрээ хэлцлийг дэмжих, татварын хөнгөлөлт, шинэ хүчин чадал бүхий төсөл боловсруулахад хөрөнгө оруулахад чиглэгдэх юм.

Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан сүүлийн тайланд дурдсанаар, энэ арван жилд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ үүнд хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний төслийн зөвшөөрөл олгох, дамжуулах болон нөөцийн хуримтлуурыг бий болгоход хөрөнгө оруулалт хийх зэрэг зохицуулалт шаардагдах нь тодорхойг тодотгожээ.