Гуч гаруй жилийн нүүр үзэж буй Эгийн голын усан цахилгаан станц (УЦС)-ын төслийн явцын талаар “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баттулгатай “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын 27 дугаар хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой ямар асуудлууд хөндөгдөж, ямар шийдэл, ойлголцолд хүрсэн бэ?
2024 онд Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Үүнд Эгийн голын усан цахилгаан станцын төслөөс Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлэх нөлөөллийн талаар онцгойлон авч үзэхээр тусгасан.
Өмнө нь улс төрийн болоод бусад шалтгаанаас үүдэлтэй хоёр талын үл ойлголцол уг төсөл дээр үргэлжилж, удаа дараа саатаж байсан. Харин энэ удаа хоёр улсын төрийн тэргүүн асуудлыг шинжлэх ухаанч судалгааны дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх зарчимд санал нэгдсэнээр төсөл бодитой урагшлах нөхцөл бүрдсэн.
Энэ хүрээнд байгаль орчин, усны судалгааны чиглэлээр Орос-Монголын эрчим хүч, усны нөөц, гидравлик, экологи, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хамтарсан экспертийн баг ажиллаж байна. Монголын экспертийн багийг ШУА ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл ахалж, бүрэлдэхүүнд нь Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн болон бусад ШУ-ны хүрээлэнгүүд орсон. Оросын тал экспертийн багаа ШУА-ийн Сибирийн салбарын орлогч захирал И.В.Бычковоор ахлуулсан. Багт нь ОХУ-ын ШУА-ийн Усны проблемийн хүрээлэн, Эрхүүгийн Матросовын нэрэмжит системийн динамик удирдлагын онолын хүрээлэн, Мелентьевын нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэн, Эрхүүгийн Их сургуулийн Биологийн сургуулийн төлөөлөл бий.
Хамтарсан баг ажлын даалгавраа тохиролцож, Эгийн голын УЦС төслөөс Байгал нуур болон Сэлэнгэ мөрний сав газарт үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх судалгааны ажлын иж бүрэн төлөвлөгөө боловсруулсан. Судалгааны зорилго нь станц барих эсэхийг шийдэх бус, экологийн шаардлагыг хангасан УЦС-ын ашиглалтын горимыг тодорхойлж, нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад чиглэж байна.
Мөн Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаанаар хамтарсан судалгааны ажлыг дэмжсэн. Хурлын протоколын “Байгаль орчныг хамгаалах тухай” долдугаар бүлэгт судалгааны ажлын үр дүнг 2026 оны хоёрдугаар хагаст Засгийн газар хоорондын комисст танилцуулах үүргийг хоёр талд өгсөн. Түүнчлэн Дэлхийн өвийн хорооны 46, 47 дугаар чуулганаас гаргасан Байгал нуурыг хамгаалах зөвлөмжийн дагуу Сэлэнгэ мөрний сав газарт урт хугацааны мониторинг, хяналтын тогтолцоог хамтран хэрэгжүүлэх чиглэлд ажлууд идэвхтэй үргэлжилж байна.
Эгийн голын УЦС нь дан эрчим хүчний биш, байгаль орчны стратегийн ач холбогдолтой эко төсөл юм.
Өмнө нь Байгал нуур болон Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх төслийн нөлөөллийн судалгаа хийгдэж байсан уу?
Төслийн хүрээнд 1995 онд 220 МВт, 2014 онд 315 МВт суурилагдсан хүчин чадалтай хоёр удаагийн ТЭЗҮ боловсруулж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсэн. Гэхдээ эдгээр нь зөвхөн төслийн талбайн хэмжээнд хязгаарлагдаж байсан.
Харин одоо Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Эгийн голын УЦС төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн, Дэлхийн өвийн хорооны шаардлага хангахуйц өргөн хүрээнд хийж байна. Цаашид станц барих, хөрөнгө оруулалт татах асуудал яригдах үед энэхүү судалгаа хамгийн чухал үндэслэл болох юм. Түүнчлэн хил дамнасан Сэлэнгэ мөрний сав газрын асуудлаар хөрш ОХУ-тай ойлголцолд хүрэх нь дараагийн чухал нөхцөл болно.
Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авч, Сэлэнгэ мөрнийг жилийн турш усаар тэтгэдэг чухал цутгал гол. Сэлэнгэ мөрөн Байгал нуурт цутгах нийт усны 49.7 хувийг бүрдүүлдэг бол үүний ⅓ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, горхиос бүрддэг. Тэгвэл Эгийн гол маань Хөвсгөл нуураас эх авч, Үүрийн голтой нийлэн Сэлэнгэ мөрөнд цутгана. Эг дангаар Байгал нуурын нийт урсацын 5.2 хувийг эзэлдэг.
Байгал нуурыг 1996 онд Дэлхийн байгалийн хосгүй үнэт өвд бүртгэсэн бөгөөд Монгол Улс уг конвенцид нэгдсэн орны хувьд нуурт үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах үүрэгтэй. Өмнө нь энэ асуудал төдийлөн анхаарал татдаггүй байсан. 2013 онд ОХУ-аас “Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Байгал нуурын экологи, урсацад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэдэг асуудлаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар олон улсын түвшинд идэвхтэй яригдаж эхэлсэн. Мэдээж тухайн үеийн геополитикийн нөхцөл байдал ч үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн.
Төслийн хэрэгжилт одоо ямар шатандаа явж байна вэ?
2023 он хүртэл ОХУ нь Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн манай бүх усны барилга байгууламжийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурь баримталдаг байсан. Гол шалтгаан нь Сэлэнгэ мөрний сав газарт 20 гаруй УЦС, усны барилга байгууламж барихаар төлөвлөсөн ч бодит судалгаа, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, үндсэндээ “мөрөөдлийн жагсаалт” хэлбэртэй байсантай холбоотой. Энэ нь ОХУ болон Дэлхийн өвийн хороонд буруу ойлголт төрүүлсэн.
Тэр үед Дэлхийн өвийн хорооноос Байгал нуурыг хамгаалах асуудлаар Монгол Улс, ОХУ-д хандан Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжиж буй болон ирээдүйн бүх төслүүдийг хамруулсан бүс нутгийн стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ цаашлаад төсөл тус бүрийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх зөвлөмж гаргасан. Энэ нь эдийн засаг, газар нутгийн хамрах хүрээний хувьд асар том, хэрэгжүүлэхэд нэн төвөгтэй шийдвэр зөвлөмжүүд байсан.
Иймд бид 2022 оноос эхлэн Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны агентлаг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагуудтай удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг хийж, нөхцөл байдалд нэгдсэн дүн шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд “Монгол Улс ойрын хугацаанд Сэлэнгэ мөрний сав газарт Эгийн голын станцаас өөр усан цахилгаан станц барихгүй” гэсэн бодлогын шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, олон төслийн хийсвэр жагсаалтаас татгалзаж, бодит судалгаа, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийгдсэн, хэрэгжих боломжтой төслөө урагшлуулах зарчмыг баримтлахаар болсон.
2023 оны арванхоёрдугаар сард Дэлхийн өвийн хороо, Олон улсын байгаль хамгаалах холбооны мониторингийн баг Байгал нуурын асуудлаар ОХУ-д ажиллах үеэр Монголын тал уулзаж, дээрх байр сууриа тодорхой илэрхийлсэн. Үүний үндсэн дээр 2024 онд болсон Дэлхийн өвийн хорооны 46 дугаар чуулганаар Монгол Улсад илүү нааштай шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийн хүрээнд өмнө нь дутуу хийгдсэн болон сайжруулах шаардлагатай судалгаануудыг шинэчлэн боловсруулж, 2014 оны ТЭЗҮ-ийг мөн орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж байна.

Усан орчны судалгааг Оросын баг Буриадын Хоронхой тосгоноос, Монголын баг Эгийн голын Энтийгээс эхэллээ. (2025 он 8 сар)
“Чамгүй хөрөнгө зарж, багагүй хугацаанд судалгаа хийлээ. Энэ бүхэн Монгол Улсад ямар хэрэгтэй юм бэ?” гэх байр суурьтай хүмүүс байдаг?
Өвлийн улиралд, ялангуяа арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл оройн цагаар манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг. Энэ үед системийн тохируулгын эх үүсвэр маш чухал болдог. Гэвч өнөөгийн нөхцөлд бид энэ хэрэгцээг ОХУ-аас импортолж буй эрчим хүчээр зохицуулж байна. Тодруулбал, оргил ачааллын үед хойд хөршөөс авдаг 300 гаруй МВт чадлыг Эгийн голын УЦС орлох боломжтой гэж ТЭЗҮ-д тооцсон.
Нөгөө талаас, энэ төслийн ач холбогдлыг зөвхөн эрчим хүчээр хязгаарлах боломжгүй. Монгол Улс анх удаа их хэмжээний цэнгэг усны нөөцийг хуримтлуулж, зохистой ашиглах боломж бүрдэнэ. Энэ утгаараа Эгийн голын УЦС нь дан ганц эрчим хүчний биш, байгаль орчны стратегийн ач холбогдолтой эко төсөл юм.
Дэлхийн дулаарал, цөлжилтийн асуудал хурцаар яригдаж буй өнөө үед уг станцын усан сан нь Монгол Улсад цэнгэг усны нөөц бий болгох, урт хугацаанд экологийн тогтвортой байдлыг дэмжих чухал хүчин зүйл болно.
Гол асуудал нь оргил ачааллын үеэр буюу өвлийн улиралд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үед усан сангаас доош хаяж буй усны хэмжээ Эгийн голын байгалийн урсацтай харьцуулахад 10-15 дахин их байхаар байна. Өөрөөр хэлбэл, энэ үед их хэмжээний ус доош урсах нь экосистем буюу амьдрах орчин, биологийн олон төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлэх, цаашлаад зарим зүйлийн устах эрсдэл нэмэгдэх зэрэг экологийн асуудлууд үүсгэх, байгаль орчинд урт хугацааны сөрөг үр дагавар дагуулах магадлалтай. Өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж, олон төрлийн судалгаа хийсэн ч энэ үндсэн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй. Тиймээс Оросын тал болон Дэлхийн өвийн хороотой ойлголцолд хүрч, бодит мэдээллээр хангаагүйгээс төслийг олон жил саатуулахад хүргэсэн.
Иймд байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх, экологийн шаардлага хангасан УЦС-ын үйл ажиллагааны горимыг нарийвчлан тооцоолох техникийн болон байгаль орчны судалгааны ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Эгийн гол УЦС төслийн туслах боомтын ТЭЗҮ болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний (БОННҮ) ажлуудыг мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлж байна. БОННҮ-ний ажлыг ЮНЕСКО гийн Дэлхийн өвийн хорооны аргачлал, Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартыг баримтлан гүйцэтгэж, тайлан, үр дүн боловсруулах шатны ажлыг хийж байна.
Дэлхий дахинд том хэмжээний бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ нийгмийн, ялангуяа тухайн бүс, орон нутагт оршин сууж буй иргэдийн амьдралын нөхцөлийг дордуулахгүй, эрхийг нь зөрчиж, хөндөхгүй байхад ихээхэн анхаарал хандуулах болсон. Тиймээс дээрх судалгааны ажлуудын хүрээнд нийгмийн бүлгүүдийн эрхийг хангах, хамтын ажиллагааг тал бүрд өргөжүүлж байгаа нь усан цахилгаан станцын төслийг саадгүйгээр эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Эгийн голын УЦС-ыг монголчууд олон жил хүлээж, бүр “мөрөөдлийн төсөл” гэж нэрлэх нь бий?
ЗХУ-ын усны хайгуулын экспедиц 1964-1965 онд Монголын нутаг дэвсгэрт усны барилга байгууламж барих боломжтой байршлуудыг тогтоосон байдаг. Эгийн гол дээр 5-6 боломжит байршил тогтоосноос хамгийн доод хэсэг буюу Эг-Сэлэнгийн бэлчир орчимд станц барих нь тохиромжтой гэж үзсэн нь өнөөгийн төслийн байршил.
Тэр үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байсан тул ирээдүйд 50 МВт орчим хүчин чадалтай станц барих боломжтой гэж тооцож байжээ. Харин 1980-аад онд Зөвлөлтийн талтай хамтран станц барих талаар хэлэлцэж байсан ч тодорхой шалтгаанаар ажил зогссон байдаг.
Улмаар 1991 онд Монгол Улсын Засгийн газар Эгийн голын УЦС-ыг барих шийдвэр гаргаж, 1992-1995 онд Швейцарийн “Электроватт инженеринг” болон Монголын “Усны эрчим” компаниуд 220 МВт хүчин чадалтай тохируулгын станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс хойш Монголын Засгийн газар Малайз, Чех, Хятад зэрэг оронтой хамтран төслийг хэрэгжүүлэхээр оролдож, зарим суурь судалгааны ажлыг эхэлж байсан ч төслийг эхлүүлж чадаагүй.
Өнөөдөр төслийг улс төр, бизнесийн хүрээнд бус, шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх зарчмыг баримталж байна. Энэ нь хамгийн зөв хандлага учраас хоёр улсын Шинжлэх ухааны академиуд төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын сав газарт үзүүлж болзошгүй өөрчлөлт, экологийн иж бүрэн үнэлгээ, судалгааны ажлыг удирдан чиглүүлж, эрчимтэй ажиллаж байна.
Эгийн голын УЦС-ын төслөөс бид ямар сургамж авч байна вэ?
Энэ төслөөс авсан хамгийн том сургамж бол аливаа томоохон бүтээн байгуулалтыг заавал шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой гэдэг ойлголт. Эгийн голын УЦС-ын жишээнээс харахад, эхнээсээ судалгаа, шинжилгээ, үндэслэлээ хангалттай түвшинд бүрдүүлээгүй нь төсөл олон жил гацах гол шалтгаан болсон юм.
Цаашид Монгол Улс томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүдээ идэвхтэй оролцуулбал илүү үр дүнтэй нь харагдаж байна. Ингэснээр зөвхөн төслийн чанар сайжрахаас гадна манай шинжлэх ухааны байгууллагуудын материаллаг бааз бэхжиж, судлаачдын ажлын нөхцөл, цалин хөлс ч сайжрах боломж бүрдэнэ.
Гэвч өнөөгийн эрх зүйн орчинд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг заавал тендерээр гүйцэтгүүлэх зохицуулалттай. Харин ШУА болон харьяа хүрээлэнгүүд тендерт оролцох боломж хязгаарлагдмал байгаа нь бодлогын түвшинд анхаарах асуудал юм.
Эсрэгээрээ ОХУ-д шинжлэх ухааны байгууллагуудыг төрөөс шууд томоохон төслүүдийн судалгаа, нөлөөллийн үнэлгээнд оролцуулдаг. Жишээлбэл, Байгал нуурыг хамгаалах, хадгалахтай холбоотой бүхий л судалгаа, шинжилгээг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар хариуцах Засгийн газрын тогтоолтой байдаг.
Энэ төслийн хүрээнд хэрэгжиж буй томоохон судалгаануудын ачаар манай зарим шинжлэх ухааны байгууллага орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж, судлаачид ч харьцангуй сайн нөхцөлд ажиллах боломж бүрдсэн. Гэхдээ энэ нь нэг удаагийн шинжтэй. Тиймээс цаашид төрийн бодлогоор том төслүүдэд шинжлэх ухааны байгууллагуудыг тогтмол оролцуулдаг тогтолцоо бий болгох нь чухал бөгөөд үүний тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай.
Нөгөө талаас, ирээдүйн стратегийн салбаруудад нарийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ тодорхой болж байна. Тухайлбал, манай төслийн хувьд гадаргын усны хайгуул, нөөц тогтоох ажил чухал байр суурь эзэлж байгаа ч энэ чиглэлийн туршлагатай гидрологич мэргэжилтэн Монголд маш цөөн байна. Үнэндээ усны нөөцөд тулгуурлан бусад салбар хөгжих ёстой.
Иймээс энэ төслийн хамгийн чухал сургамж нь аливаа бодлого, төсөл, шийдвэр бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой гэсэн зарчим юм.
Ярилцсанд баярлалаа.
