Монгол Улсын эрчим хүчний систем тэр тусмаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дэд бүтэц, шугам сүлжээний хамгийн холын цэгт, төгсгөлд нь холбогдсон Баянхонгор аймагт цахилгаан түгээх, хангах үйлчилгээ эрхэлж буй “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Уламбаяртай аймгийн эрчим хүчний системийн онцлог, одоогийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн талаар “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Баянхонгор аймаг цахилгаан эрчим хүчтэй болсон түүх болон одоогийн системийн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
Манай аймаг 1966 онд бага оврын дизель генератораар жилд 1.9 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж байсан түүхтэй. Тухайн үед шугам сүлжээ, түгээх хэсэгт ажилладаг 4 монтёртой нийт 19 ажилтан ажиллаж байсан юм билээ. Өнөөдөр манай байгууллага 60 жилийн түүхийн хуудсыг нээгээд байна. Энэ хугацаанд манай “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК нь 94 ажилтантай, жилдээ 95.0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг худалдан авч борлуулж байна.
Аймгийн хөгжлийн тулгуур нь эрчим хүч. Эрчим хүчгүйгээр аймгийн хөгжлийг тодорхойлоход хүндрэлтэй. Тиймээс эрчим хүчний өнөөгийн болон цаашдын төлөвлөлтөд улс, аймаг орон нутгийн зүгээс анхаарахаас гадна түгээх компани ч бас өөрийн тоног төхөөрөмж, шинэчлэлийн асуудлыг шийдэж явах нь чухал байна.
Танай компанийн хувьд аймгийн хэчнээн сум, хэчнээн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилладаг вэ? Хэрэглэгчдийн бүтэц ямар байдаг бол?
Баянхонгор аймгийн 20 сумаас 13 сум, мөн алслагдсан баг буюу Шаргалжуут рашаан сувиллыг “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК цахилгаанаар хангаж байна. Нийт 16 мянган хэрэглэгчтэй. Эдгээрийн 1500 орчим нь аж ахуйн нэгж байгууллага болон төсөвт байгууллага байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний 55 орчим хувийг хэрэглэдэг. Харин үлдсэн 14 мянга нь ахуйн хэрэглэгч байна. Одоогоос 7-8 жилийн өмнө 1000 орчим орон сууцны хэрэглэгчтэй байсан бол өдгөө 4000 гаруй болж өссөн үзүүлэлт байна.
Харин говийн 7 сум “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн харьяа Өвөрхангайн салбараас эрчим хүчний эх үүсвэрийг авч байна.
“Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн хэрэглэгчдэд түгээх боломжит нийт хүчин чадал болон оргил ачаалал хэд вэ? Мөн хэрэглээ жилд хэдэн хувиар өсдөг вэ?
Аймгийн хэмжээнд суурилагдсан хүчин чадал маань нийт 42 МВт байна. Үүний 10 МВт нь нөөцөнд байнгын бэлэн байдалд ажилладаг. Өвлийн оргил ачаалал 18 орчим МВт хүрдэг бол зуны бага ачаалал 9 МВт байна. Өвөлдөө ачаалал хоёр дахин нэмэгдэхэд шөнийн тарифын хөнгөлөлт нөлөөлдөг. Манай бүртгэлээр бол аймгийн төвд 832 хэрэглэгч цахилгаан халаалт ашиглаж байна.
Түгээх компанийн хувьд гарч байгаа хамгийн том хүндрэл юу байна вэ?
Хүчдэлийн уналтаас үүдэлтэйгээр өвлийн цагт аймгийнхаа ард иргэдийг стандартад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахад хүндрэлтэй байна. Аймгийн төв дотор 248 км урттай 0.4 шугамаар цахилгаан түгээдэг. Хамгийн эцсийн цэгийн хэрэглэгч 6 км зайд байна гэсэн үг. Баянхонгор аймаг нь 590 км холоос цахилгаан эрчим хүчний эх үүсвэр авч байгаа нь чанарт нөлөөлж байна.
Хүчдэлийг өсгөхийн тулд хариу ямар арга хэмжээ авч байна вэ?
Манай компанийн зүгээс аль болох дэд станцын тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн шугамын уртыг богиносгох, аль болох цацраг хэлбэртэйгээр загварчлах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал ч бас үүсдэг. Цаг үе өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хэрэглээ нэмэгдэж байна.

Танай хамгийн хамгийн их хэрэглээтэй нь ямар хэрэглэгчид байдаг вэ?
Ахуйн хэрэглэгчдийн дунд халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдийн хэрэглээ хамгийн өндөр байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд уурын зуухны хэрэглэгчид. Мөн Баянхонгорт үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөртэй. Нийт дүнгээр харахаар хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсөж байна. Хэрэглэгчийн тоо бус хэрэглээний үзүүлэлт өсөж байгааг энд дурдах нь зүйтэй байх.
Аймгийн хэмжээнд 40 гаруй хэрэглэгч техникийн нөхцөл хүссэн өргөдөл ирүүлдэг. Үүний дийлэнх нь зураг төслийн шатандаа яваа, ирэх онд цахилгаанд холбогдох барилга байгууламжууд байна. Бид хүсэлтүүдийг бүгдийг нь шийдвэрлээд явж байгаа. Үүний 60-70 хувь нь төлөвлөсөн хугацаандаа холбогддог. Ойрын гурван жилд холбогдохоор төлөвлөж ирүүлсэн хүсэлтийн нийт хэмжээ 1.6 МВт орчим байна.
Түгээх компаниуд нэг худалдан авагчтай загварт орлого төвлөрүүлэх ёстой. Тэгвэл танай компанийн хувьд хэрэглэгчдээс хэчнээн төгрөгийн авлагатай байна вэ?
Үнэ тариф өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэрэглэгчийн орлого төвлөрүүлэлт буурсан. Гуравдугаар сарын эцсийн байдлаар 630 сая төгрөгийн авлагатай, нэг худалдан авагчтай загварт 1.1 тэрбум төгрөгийн өглөгтэй гарсан. Нэг худалдан авагчтай загварын коэффицентын асуудал хүндрэл үүсгэж байна. Энэ загварт ороогүй байхад 2021-2024 онд үйл ажиллагааны балансын дүнгээр ашигтай ажилладаг байсан. Одоо бол бид орлого төвлөрүүлэх ажлаа богино хугацаанд, тухайн сардаа багтаахыг зорьж байна. Нийт хэрэглэгчийн 10 гаруй хувь нь хоёроос дээш сарын төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээ сүлжээнд холбуулсан хэрэглэгч хэчнээн байна вэ? Танай сүлжээнд ямар чадлын эх үүсгүүр холбогдох боломжтой вэ?
Ахуйн хэрэглэгчийн түвшинд бол шинэ зүйл. Одоогийн байдлаар “Өлзийт" МСҮТ 60 кВт чадалтай нарны эрчим хүчний системийг сүлжээнд холбосон. Бууцагаан суманд махны хөргүүр цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэхээр шийдвэрлэж байна. Харин айл өрхийн хэмжээнд хоёр хэрэглэгч бий. Нэг нь НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд хийгдсэн дөрвөн айлын дундын систем. Түүнээс гадна манай байгууллагын Заг сумын дэд станц ажлын байрны дотоод хэрэглээгээ 10 кВт нарны эрчим хүчээр хангаж байна.
Өрхийн хэрэглээнд нарны эрчим хүчний эх үүсгүүр буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь зүйтэй санагддаг. Зөвхөн ашиг олно гэдэг ойлголт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь өөрийнхөө хэрэглээг бүрэн хангах нь чухал.
Харин Байдрагийн голын усан цахилгаан станц, 10 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд баригдсанаар хүчдэл тогтворжих, цахилгаан хангамж найдвартай болох зэрэг давуу талууд үүснэ.
Ажиллах хүчинтэй холбоотой бэрхшээл гардаг уу?
Би энэ компанидаа 24 дэх жилдээ ажиллаж байна. Ингээд харахаар 2000-аад оны үед инженерүүд их ирдэг байсан. Одоо бол залуу боловсон хүчний хувьд орон нутаг гэхээс илүү цалин хангамж өндөртэй уул уурхай, хувийн хэвшлийг зорьж байна. Манай компанид сүүлийн жилүүдэд инженер, техникчийн дутагдал үүссэн. Тиймээс цалин мөнгөтэй холбоотой асуудлыг боломжоороо шийдэж байгаа. Мөн тархмал эх үүсвэр зэрэг цаг үеийн өөрчлөлтөөс үүдээд сэргээгдэх эрчим хүчний инженер техникийн ажилчдын эрэлт нэмэгдэж байна. Ер нь салбар цаашид ажиллагсдын цалин хөлсний асуудлыг шийдэхгүй бол залуу боловсон хүчнээ бусад салбарт алдах эрсдэл нэмэгдсээр байна.

Хэрэглэгчтэй хамгийн ойр ажилладаг түгээх компанийн хувьд өдөр тутамдаа ямар асуудалтай тулгардаг вэ? Хэрэглэгчдэдээ хандаж юу хэлэх вэ?
Бүх л газар хүндрэлтэй асуудал бий. Гэхдээ хэрэглэгчтэй тулж ажиллаж байгаа нь түгээх компаниуд. Төлбөр өндөр гарсан гэх зэргийн санал гомдол тасрахгүй. Үнийн өөрчлөлт орсон үед бүр ч нэмэгддэг Хэрэглэгч болон түгээх компанийн дундын харилцааг тоолуураар зохицуулдаг. Тоолуурын заалт, бичилтийг аваад хэрэглэгчдэдээ танилцуулна, асуудлыг шийдвэрлэнэ, учирлаж тайлбарлана. Ойлгох нэг нь байна, ойлгохгүй нь ч бий.
Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хялбар болгох үүднээс гар утасны аппликэйшнийг ашиглалтад оруулаад байна. Энд тоолуурын заалт, хэрэглээний мэдээлэл, төлбөр тооцоо гээд бүх зүйл багтсан. 2017 оноос хойш ухаалаг тоолуурт шилжүүлсний хүчинд ихэнх хэрэглэгч маань энэ боломжуудыг эдэлнэ. Хэрэглэгчдэдээ ухаалаг тоолуур, гар утасны аппликэйшнаа ашиглан хэрэглээгээ ухаалгаар удирдахыг уриалмаар байна.
Ярилцсанд баярлалаа.
