E-Sight
Ярилцлага

Г.Энхтүвшин: Аукционоор хэрэгжих анхны төслүүд төрийн бүхий л дэмжлэгийг хүлээсэн

2026-06-14 19:50

Эрчим хүчний салбарт өрнөж буй үйл явдлуудаас хамгийн их анхаарал татаж, зах зээлийн оролцогчдын хүлээлтийг үүсгээд буй асуудлын нэг нь сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион юм. Эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох ач холбогдолтой энэхүү үйл явцын талаар “Энержи Инсайт” сэтгүүл онцлон хүргэж байна. Энэ хүрээнд аукционыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтүвшинтэй ярилцлаа. 

Эрчим хүчний салбарт анх удаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгох аукцион зохион байгуулагдах гэж байна. Аукционоор төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчны талаар ярилцлагаа эхэлье. 

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд өөрчлөлт оруулснаар аукцион зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, тус хуулийн 4.1.10 болон 5.3.8-д төсөл сонгон шалгаруулалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохион байгуулна гэдэг зохицуулалт орсон. Түүний дараа 2020 онд “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл сонгон шалгаруулалтын журам” батлагдсан.

Гэвч журмыг баталснаас хойш өнөөдрийг хүртэл сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулагдаагүй байсан юм. Иймээс энэ удаа зарлагдаж буй аукцион сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион болж буйгаараа онцлогтой. 

Засгийн газрын тогтоол гарч анхны аукцион зарлах таван байршил тодорхой болсон. Энэ хүрээнд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын чадлын оновчлолыг тооцоо судалгаанд үндэслэн тодорхойлсон. Тухайлбал, Булган, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт тус бүр 50 МВт суурилагдсан хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг 30 МВт чадал, 100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн хамт байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, аукционд багтсан дөрвөн төслийн хүчин чадал, техникийн үзүүлэлт ижил байна. Харин Хэнтий аймгийн хувьд шугамын нэвтрүүлэх чадвар, тухайн аймгийн хэрэглээнээс хамаараад нарны цахилгаан станц нь 20 МВт, батарей нь 15 МВт/40 МВт.цаг байх юм. 

Тэгвэл анхны аукцион ямар төрлөөр зохион байгуулагдах вэ? 

Аукционы хэд хэдэн төрөл бий. Үүнээс хамгийн түгээмэл хоёр төрлийг, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд түлхүү ашиглана. 

Нэг нь, цаасанд суурилсан буюу тендэр шиг явагддаг аукцион. Цаасанд суурилсан үнийн санал аваад, тэндээс хамгийн бага үнэтэй төдийгүй техникийн болон санхүүгийн шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулдаг. Цаашдаа нар, салхины эх үүсвэрийн урьдчилсан тооцоолол дээр суурилаад энэ төрлийг түлхүү ашиглах төлөвлөгөө бий. 

Харин эхний аукционы хувьд Засгийн газрын тогтоолтой, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай учраас цаасан үнэд суурилаагүй хэлбэрээр богино хугацаанд зохион байгуулж байна. Энэ нь, дуудлага худалдааны зарчмаар шууд үнэ хаялцах байдлаар зохиогдоно. Маш богино хугацаанд гүйцэтгэгчийг хямд үнээр сонгон шалгаруулдаг онцлогтой, Казакстанд амжилттай хэрэгжиж байгаа төрөл юм. 

Дуудлага худалдааны зарчмаар шууд үнэ хаялцах байдлаар зохион байгуулахын онцлог нь юу вэ? 

“Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл сонгон шалгаруулалтын журам”-д тавдугаар сарын 22-ны өдөр холбогдох өөрчлөлтийг оруулсан. Ингэснээр богино хугацаанд өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлах боломж бүрдсэн. Тиймээс тавдугаар сараас сонгон шалгаруулалтаа зарлаад, материалаа зургаадугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг гэхэд авч дуусна. Үүний дараа гурав хоногийн дотор үнэлгээ хийгээд, зургаадугаар сарын 15-ны өдөр тодорхой шаардлага хангасан оролцогчдод аукционд оролцох эрх үүссэн тул дэнчингээ байршуулах тухай мэдэгдлийг хүргүүлнэ. 

Аукционы маягт худалдаж авсан аж ахуйн нэгжүүдэд дэнчингийн гэрээний загвар очсон байгаа. Эхний материалын бүрдлийг хангасан бол “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай оролцох байршил дээрээ дэнчингийн гэрээ байгуулна. Ингэснээр аукционд оролцох эрх баталгаажна. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуйн нэгж тавууланд нь оролцож болох бөгөөд байршил тус бүр дээр дэнчин байршуулна гэсэн үг. Магадгүй эхний байршилд шалгарвал ахиж оролцохгүй. Хэрэв шалгарахгүй бол дараагийнхад оролцоод явж болно. 

Эхний аукцион зургаадугаар сарын 18-ны өглөө 09:00 цагаас эхэлнэ. Танхим цахим хосолсон байдлаар явна. Оролцогчид зөөврийн компьютертойгоо ирж, үнэ хаялцах дуудлага худалдаа буюу аукционд оролцоно. Оролцогчид тухайн өдрийнхөө 08:00 цагт Эрчим хүчний яаманд байршуулсан шилэн хоргонд үнийн саналаа хийнэ. Тэрхүү битүүмжилсэн үнийн саналуудыг аукцион эхлэх танхимд байршил тус бүрээр нь нээгээд хамгийн бага үнээс дуудлага худалдаа эхлэх юм. Хамгийн бага үнийн саналыг гурван удаа дуудаж, өөр үнэ орж ирээгүй тохиолдолд тухайн үнэ аукционы ялагч болно. 

Аукцион төлөвлөсний дагуу зохион байгуулагдахгүй байх эрсдэл, эсвэл хүчингүй болох нөхцөл бий юу? 

Дээрх журмын 12.3-т зааснаар аукционд хоёроос цөөн оролцогч санал ирүүлсэн болон ирүүлсэн бүх санал дээд үнээс өндөр буюу 10 центээс их тохиолдолд аукцион зохион байгуулахгүй. Мөн тухайн өдөр тог тасрах, цахим халдлага болох зэрэг гэнэтийн хүчин зүйл нэг цагаас дээш үргэлжилбэл аукционыг цуцалж 30 хоногийн дотор дахин зарлана. 

Одоо яг цахилгаан үйлдвэрлэж байгаа нарны цахилгаан станцуудын үнэ хэд байгаа вэ? 

Яг одоо ажиллаж байгаа нарны цахилгаан станцуудын дийлэнх нь 15-18 цент буюу маш өндөр үнээр цахилгаан эрчим хүч худалдаж байна. 

Таван байршилд зарлагдсан аукционд оролцохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Тодруулбал энэ сонгон шалгаруулалтад хэн оролцох боломжтой вэ? 

Оролцогчдод материал бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор урьдчилан гурван төрлийн маягт боловсруулсан. Аукционд оролцох сонирхлоо илэрхийлж, сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авсан аж ахуйн нэгжүүд эдгээр маягтын талаар мэдээлэлтэй байгаа.

Оролцогчид маягтуудыг бүрэн бөглөж, шаардлагатай нотлох баримтуудаа хавсарган ирүүлэх ёстой. Энд хамгийн чухал нь мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, холбогдох баримтаар баталгаажуулах явдал юм. Тухайлбал, ижил төрлийн төсөл хэрэгжүүлсэн туршлага, санхүүгийн чадамж, мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй гэдгээ нотлон харуулсан байх шаардлагатай.

Мөн аукционд оролцох урилгад EPC (зураг төсөл боловсруулах–худалдан авах–барих), BOO (барих–өмчлөх–ашиглах) болон IPP (бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч) төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн оролцогч нь эргэлтийн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн тодорхой шалгуурыг хангасан байх ёстой.

Харин түншлэл хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд түншлэлийн дор хаяж нэг гишүүн нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх шаардлага тавьсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжийг дэмжих зорилготой.

Аукционд шалгарсан компаниуд ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ? Төслүүдийг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор ямар эрсдэлүүд тулгарч болзошгүй вэ? 

Богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч Засгийн газар болон Эрчим хүчний яамны бүх талын дэмжлэгтэй хэрэгжинэ. Эрчим хүчний яам шалгарсан гүйцэтгэгчдийг боломжит бүх нөөцөөрөө дэмжин ажиллана. Хэрэв төслийг энэ оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл үүсвэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад гэрээний хэлцэл хийж, хугацааг сунгах боломжийг нээлттэй үлдээсэн. 

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах технологиуд эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед техникийн шийдлийг богино хугацаанд боловсруулж, төслийн хэрэгжилтийг шуурхай урагшлуулах боломжтой гэж үзэж байна.

Анх удаа бага үнийн саналаар өрсөлдүүлэх аукцион зохион байгуулж байгаа энэ сонгон шалгаруулалтаас ямар үр дүн хүлээж байна вэ? 

Сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнэтэй, хувьсамтгай эх үүсвэр гэж шүүмжлэх нь бий. Энэ аукционыг зохион байгуулснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг олон улсын жишиг түвшинд хүргэн бууруулах боломж бүрдэх болов уу гэж харж байна. 

Хоёрдугаарт, хувьсамтгай шинж чанартай сэргээгдэх эрчим хүчийг батарей хуримтлуурын системтэй хослуулан хөгжүүлэх шаардлагыг тусгаснаар нийлүүлэлтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой болно. Мөн цахилгаан хангамж доголдох, шугам сүлжээ тасалдах зэрэг үед эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах чадавх сайжирч, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна  гэсэн хүлээлттэй байна. 

Энэхүү аукционоос гадна ойрын хугацаанд аукционы зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүч хуримтлуулах бусад төслүүд бий юу? Хэрэв байгаа бол тэдгээрийн талаар товч мэдээлэл өгнө үү?  

Цаашид аукционыг үе шаттай өргөжүүлж, хэд хэдэн аукцион зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран баруун болон зүүн бүсийн таван аймагт хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүчний аукционыг зарлана. Мөн Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционы эхний багцыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний зэрэгцээ сумдын түвшний тархмал эх үүсвэрийн төслүүдийг аукционы зарчмаар сонгон шалгаруулна.  Дараагийн шатанд говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционы хоёр дахь багцыг зарлана.  

Гэхдээ эдгээр төслийн сонгон шалгаруулалтыг энэ удаагийнх шиг шууд бага үнийн саналын аукционоор бус, тендертэй төстэй буюу цаасан суурьт аукционы хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Учир нь эдгээр төслүүдийн нөөцийн үнэлгээ хэдийнэ хийгдэж, олон жилийн судалгаа, мэдээлэлд тулгуурласан суурь нөхцөл бүрдсэн.