Эрчим хүчний тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчийг дэмжих тогтоол гээд салбарын бодлого, шинэчлэл тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцлаа.
Та яриандаа “түүхэн тогтоол” гэж тодотголоо. Яагаад энэ тогтоолыг түүхэн гэж үзэж байна вэ?
Маш том зорилт тавьсан тогтоол. Хэрэв энэ тогтоол үнэхээр бидний хүсээд байгаа үр дүнд хүргэж чадвал түүхэн үүргээ гүйцэтгэнэ. Хүсээд байгаа үр дүн бол, өнөөдрийн эрчим хүчний дутагдал, чанаргүй цахилгаан эрчим хүч, агаарын бохирдол зэргийг шийдэхэд хэрэглэгч айл өрх болгоны хувь нэмрийг оруулах тухай юм. Үүнийг бага хэмжээгээр, хэн нэгнээс мөнгө гуйгаад энд тэнд хэрэгжүүлээд явбал нөлөөлөл нь том хэмжээнд гарахгүй. Тийм учраас далайцтайгаар 10 жилийн хугацаанд 100 мянган айлд хэрэгжүүлье гэж байгаа юм. Тэр тохиолдолд хамгийн түрүүнд агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулж чадна. Нарны панел, батарей, халаагуураар гэрийнхээ дулааныг шийдээд яндан зуухнаасаа салсан, соёлоо өөрчилж чадсан айлууд байна. Эхнээсээ утаа үйлдвэрлэхгүй хоёр дахь өвөлтэйгөө золгож байна. Үүнийг л өргөн хүрээнд хэрэгжүүлэх тухай тогтоол юм. Тогтоолын дагуу Засгийн газар ажлаа хийхгүй бол хэрэгжихгүй. Тэгвэл бидний хүсээд байгаа түүхийг бүтээхгүй. Дээрээс нь энэ бол эдийн засгийн дахин хуваарилалтыг бий болгох тогтоол. Яагаад гэвэл, манай том чадлын сэргээгдэх эх үүсвэрүүд бүгд гаднын хөрөнгө оруулалттай учраас тариф нь доллараар батлагдсан. Үүнээс болоод манай системд сэргээгдэх эх үүсвэрийг эсэргүүцэх хандлага давамгайлдаг. Хэрэглэгчид зарах цахилгааны тариф төгрөгөөр, гэтэл сэргээгдэх шинэ эх үүсвэрээс худалдаж авах тариф ам.доллар байдаг. Ингээд долларын ханшийн уналтаас болоод салбарын орлогын дийлэнхийг авдаг гэх хандлага бий болчихсон. Тэгвэл айл өрх нарны панел тавиад өөрийнхөө хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа өгөх тариф төгрөгөөр тооцогдоно. Өөрөөр хэлбэл айл өрх тодорхой хэмжээнд орлого олох боломж үүснэ. Ингэхээр орлогын, эдийн засгийн дахин хуваарилалт явагдах тогтоол болчихож байгаа юм.
Мөн 10 мянган айлд тус бүр 10 кВт чадалтай нарны систем суурилуулахад 100 МВт эх үүсвэр бий болно. Хамгийн чухал зүйл нь, айлууд эхлээд өөрсдийнхөө хэрэглээг хангана. Тэгээд сүлжээнд багахан илүүдлээ нийлүүлнэ. Одоогийн хамгийн том чадлын СЭХ-ний эх үүсвэр 55 МВт байгаа. Түүнээс хоёр дахин том чадлыг айл өрхүүд бий болгох боломжтой. Цаашид бид айл өрхийг орлоготой болгох, жижиг дунд, бичил бизнесийг хөгжүүлэхэд төвлөрөх ёстой. Гэхдээ тархмал байдлаар. Тархмал харахад жижигхэн мөртлөө бүгдийг нь нийлүүлэхээр том болчихдог. Тэр чинээгээрээ, агаарын бохирдлыг бууруулж, хэмнэлт гаргаж, боломжийн орлого олох боломжтой юм.
Мөн эрчим хүч талаас гурван төрлийн ач холбогдлыг хүмүүст хэлмээр байна.
Хэрэглэгчид 220 вольт очих ёстой байтал орон нутагт 150-160 вольт, Улаанбаатарт 180-190 вольт байна. Энэ нь тухайн хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийн насжилтыг богиносгоно. Яагаад гэвэл таны цахилгаан тоног төхөөрөмж 220 вольтод ажиллах ёстой байтал бага хүчдэлээр тэжээгээд байхаар гүйдэл өсдөг. Гүйдэл өсөхөөр хална гэсэн үг. Халаад байна гэдэг чинь нас нь богиносож байгаа хэрэг. Тэгвэл нарны системийн эхний ач холбогдол нь буураад байгаа хүчдэлийг өсгөж өгдөг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний чанарыг сайжруулна.
Хоёрдугаарт, эрчим хүчний алдагдлыг бууруулна. Жишээлбэл, Архангай аймагт байгаа айлыг эрчим хүчээр хангахын тулд IV ДЦС-аас худалдаж аваад, дамжуулах замдаа алдаад, түгээх явцдаа алдаад хүргэж өгөх нэг хэрэг. Гэтэл хөршийнх нь үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчийг худалдаж аваад хажуугийн айлд өгөх бас нэг хэрэг. Цахилгааныг аль болох ойроос хангавал алдагдал багатай, үр ашигтай гэж үздэг.
Дараагийн нэг ач холбогдол нь, шугам, дэд станцын ачааллыг хөнгөлнө. Учир нь айлууд өөр өөрийнхөө хэрэглээг хангаад хэмнэлт гаргахаар дамжуулах, түгээх, шугам, дэд станцуудын ачаалал чөлөөлөгдөнө гэсэн үг. Эцэст нь, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болно. Эдгээр ач холбогдлыг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна.
Мөн урт шугамын төгсгөлд холбогдсон аймаг, сумдад тархмал эх үүсвэрийг хөгжүүлэхийг тусгасан байсан?
Энэ тогтоол гурван төрлийн тархмал эх үүсвэрийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эхнийх нь сая ярьсан айл өрхийн тархмал эх үүсвэр, хоёр дахь нь аймаг, сумын тархмал эх үүсвэр, сүүлийнх нь автомашиныг цэнэглэх тархмал эх үүсвэр. Манай аймаг, сумд төвийн системээс алслагдсан байдаг. Тиймээс маш урт шугамаар хэрэглэгчээ хангадгийн улмаас хоёр асуудал үүсдэг. Тухайн шугамд зундаа засвар үйлчилгээ хийх хугацаанд цахилгаангүй болдог. Мөн тэр урт шугам, дэд станц дээр гэмтэл, саатал гарахад олон аймаг сум цахилгаангүй болох эрсдэлтэй. Өнгөрсөн намар Эрдэнэт дэд станц дээр гэмтэл гарахад Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай гээд нийт 9 аймаг, 143 сум цахилгаангүй болсон. Энэ асуудал өвөл тохиолдвол аймаг, сум хөлдөх эрсдэлтэй. Тиймээс ийм алслагдсан аймаг, сумдад тархмал эх үүсвэр тавих ёстой.
Саяхан түгээх компаниудын удирдлагуудтай уулзахад, “Аймаг, сумдад тархмал эх үүсвэр тавих шаардлагатай байна. Яагаад гэхээр, зун маш хурдан засвар хийх хэрэгтэй болдог. Өчнөөн олон сум цахилгаангүй болдог тул яарч сандран засвар хийдэг. Үүнийг шийдэх хамгийн боломжит шийдэл нь тархмал эх үүсвэр” гэдгийг онцлон хэлж байсан. Технологийн хувьд ч сүүлийн үеийн нарны панел, батарей нь сүлжээ тасарсан үед бие даагаад ажилладаг болчихсон. Засвартай, шугам гэмтэлтэй үед тухайн аймаг, сумаа тодорхой хугацаанд цахилгаанаар хангах чадалтай болсон. Тиймээс жижиг оврын тархмал эх үүсвэр барих гээд байгаа юм. Ингэснээр цахилгаан хангамжийг найдвартай болгохын зэрэгцээ тухайн суурин хоёр талын тэжээлтэй болно. Нэг талдаа нэгдсэн сүлжээнээс, нөгөө талдаа тархмал эх үүсвэрээр тэжээгдэнэ. Тэгээд түрүүн ярьсан алдагдал буурна, хүчдэл өсгөнө, шугам чөлөөлөгдөнө, эх үүсвэр бий болно гээд айл өрхөд гарсан сайн зүйлс бүгдээрээ энд гарч ирнэ.
Тэгвэл 10 жилийн хугацаанд 100 мянган айлыг нарны системтэй, аймаг сумдаа тархмал эх үүсвэртэй болгохын тулд бэлтгэл ажлаа юунаас эхлэх ёстой вэ?
Тархмал эх үүсвэр хөгжүүлэхэд чухал хөшүүрэг нь стандарт. Эрчим хүчний салбар нь нарны панел суурилуулахад, зураг төсөл хийхэд, реле хамгаалалт, нам хүчдэлийн сүлжээнд ямар стандарт мөрдөхийг батлаад веб сайтдаа тавьж, олон нийтийн хүртээл болгох ёстой. Түүнээс биш нэг стандарт боловсруулчихаад, түүнийгээ зараад сууж байж болохгүй. Энэ бол хүн болгон өдөр бүр уншдаг бичиг баримт болох ёстой.
Хоёрдугаар ажил бол техникийн нөхцөл. Энэ хүрээнд 20 кВт хүртэлх айл өрхийн нарны системийг сүлжээнд техникийн нөхцөлгүй, нэг стандартыг хангуулаад холбох боломжтой болгож байна. Техникийн нөхцөлгүй болгохыг эрчим хүчний салбарынхан эсэргүүцсэн. Уг нь техникийн нөхцөл бол сүлжээнд холбогдохын тулд ямар техникийн шаардлага хангасан байх ёстойг бичсэн зөвшөөрлийн бичиг баримт. Тиймээс хүн болгонд өгч байгаа техникийн нөхцөл адилхан байх ёстой. 10 кВт болон 20 кВт нарны системтэй айлын техникийн нөхцөлийг судлаад үзэхэд техникийн нөхцөлийн дугаар, хүсэлт гаргасан огноо, хэрэглэгчийн нэр, холбогдох бичиг баримт, холбогдох цэг зэрэг 8 мэдээлэл л ялгаатай. Бусад 5 хуудсын мэдээлэл бүгд адилхан. Хамгийн харамсалтай нь, энэ техникийн нөхцөлийг авах гэж хэрэглэгчид маш их зовж зүдэрдэг. Багадаа 6 сарын хугацаа зарцуулсан жишээ байна.
Айлууд техникийн нөхцөл авсны үндсэн дээр цахилгаан худалдаж авдаг. Тэгэхээр түгээх сүлжээний хувьд айл өрхүүд бол урт хугацааны тогтвортой, найдвартай хүндэт хэрэглэгчид нь юм. Гэтэл таны хүндэт хэрэглэгч өөрийнхөө 10, 20 сая төгрөгийг зарцуулаад нарны панел тавиад, хэрэглээгээ хэмнэе, илүү гарсан багахан цахилгаанаа сүлжээнд борлуулъя гэхээр ахиж техникийн нөхцөл ав гэж шаарддаг. Маш олон айл өрх нарны панел тавьчихаад хүсэлтээ илгээж чадахгүй байна. Энэ бол байж болохгүй асуудал. Тиймээс техникийн нөхцөлгүй болгож байгаа гэж ойлгож болно.
Бусад улс оронд жишээлбэл Авсрали улсын хувьд 30 кВт хүртэлх нарны системийг автоматаар зөвшөөрдөг. Нэмэлт ямар ч бичиг баримт нэхдэггүй. Хамгийн гол нь тухайн түгээх сүлжээний веб сайтдаа тавьсан шаардлагыг хангах ёстой. Бүх угсралтаа хийснийх нь дараа стандартыг хангаж байгаа эсэхийг шалгаад холбоод явдаг. Гэтэл манайд стандарт дээр байх ёстой хэдэн техникийн заалт бичсэн цаасыг авах гэж хэрэглэгч үйл тамаа үзэх ёсгүй. Холболтыг хялбар болгох ёстой. Стандартаа боловсруулаад ил тод тавих ёстой.
Дараа нь 10 мянга, 100 мянган айлыг ирэх 10 жилийн хугацаанд нарны системтэй болгохын тулд төлөвлөх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн сүлжээнд хэдэн нарны панел холбох боломжтойг тооцоолох хэрэгтэй. Манайхан нарны системийг олноор нь холбохын тулд түгээх сүлжээг өргөтгө гээд байна. Тийм зүйл байх ёсгүй. Нарны систем харин ч түгээх сүлжээг суллаж өгнө. Олноор нь холбоод ирэхээр хэчнээн жилийн дараа л ачааллаж магадгүй. Тэгэхээр хэзээ сүлжээнд нэмэр болох, хэзээ нь ачааллах, хэзээ нь өргөтгөхөө тооцоолж, төлөвлөх хэрэгтэй. Одоо нарны панел холбохын тулд эхлээд түгээх сүлжээ гэвэл бид зорилгоосоо хазайгаад явчихна. Өнөөдөр түгээхийг өргөтгөх тухай яриагүй. Зөвхөн айл өрхдөө нарны систем тавиад орлого олох тухай асуудал ярьж байна.
Тэгээд хамгийн чухал нь санхүүгийн механизмын асуудал. Харьцангуй шинэ технологи гэдэг утгаараа нэг айлын анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр байна. Үнийг буулгах эхний арга нь олон айл хамруулах. Ингэвэл нэг айлын хөрөнгө оруулалт 30-40 хувиар буурна. Өөр нэг шийдэл нь, 30-аас дээш хувьд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг механизм бий болгох ёстой. Жишээ нь, Австралид жижиг технологийг дэмжих сертификат, үнэт цаас гаргачихсан. Суурилуулсан нарны системийн хүчин чадлаас хамаараад үнэт цаас бий болно. Тэрийгээ зараад 30 хувийнхаа хөрөнгө оруулалтыг олж авдаг гэсэн үг. Нөгөө талд үнэт цаасыг нь үүрэг хүлээсэн, агаарын бохирдол үүсгэдэг компаниуд худалдаж авдаг. Дээрээс нь түгээх компаниудад 30 хувийнхаа цахилгааныг ногоон эх үүсвэрээс авах үүрэг хүлээлгэдэг. Тэд бас үнэт цаас худалдаж авна. Тэгэхээр авдаг, өгдөг хоёр талын механизм бий болгох ёстой. Тэгж байж тогтвортой санхүүгийн механизм бүрдэнэ.
Бас нэг зүйл бол ногоон зээл. Арилжааны банкуудын ногоон зээл өндөр хүүтэй гарч байна. Цаад эх үүсвэр 2-3 хувьтай орж ирдэг байтал банкууд эрсдэлээ тооцоод 17-18 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ бол байж болохгүй асуудал. Тиймээс ногоон зээлийн хүүг бууруулах зайлшгүй шаардлагатай. Мөн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Энэ бүхнийг бий болгож байж бид 10 мянга, цаашлаад 100 мянган айлын төсөл хэрэгжүүлж чадна. Тогтвортой механизм бий болгож байж захын хэрэглэгч нарны систем суурилуулдаг тогтолцоо бүрдэх ёстой.
Тэгвэл нарны системийн эрсдэлтэй тал нь юу вэ?
Тогтоол гарсантай холбоотойгоор айл өрхийн нарны систем эрчимтэй хөгжих төлөвтэй байна. Тиймээс нарны панел, батарейны чанарт онцгойлон анхаарах хэрэгтэй. Чанаргүй нарны панелийн цахилгаан гаргах чадвар огцом буураад юу ч үйлдвэрлэхээ больдог аюултай. Чанаргүй батарейны хувьд дэлбэрэх аюултай.
Нарны панел, инвертер, батарей, халаагуур гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүний тухай ярьж байгаа. Эдгээрийг сонгохдоо чанартай, арваас дээш жилийн баталгаатай, буух эзэнтэй буцах хаягтай компаниудаас авахыг зөвлөе. Хэрэглэгч айл өрхүүд маань хэрсүү байгаасай л гэж хүсэж байна. Чанарын баталгаагүй технологи авчихвал мөнгөө салхинд хийсгэснээс ялгаагүй.
Харин эрчим хүчний салбарын байгууллагууд хэрэглэгчдэдээ туслах зорилгоор олон улсын стандартын шаардлага хангасан, чанартай нарны панель, батарей, дулааны насосуудын жагсаалтыг веб сайтдаа байршуулах хэрэгтэй.
Мөн нарны панель, инвертор, батарейны угсралт, суурилуулалт, засвар ашиглалт, үйлчилгээний чиглэлээр олон хүнийг сургаж дадлагажуулах хэрэгтэй байна. Дээрх тогтоолд айл өрхийн сүлжээнд нийлүүлсэн цахилгааны орлогыг сар бүр тухайн өрхийн данс руу ордог болгохыг заасан. Энэ нь эрчим хүч хэмнэх, нарны системээ арчлах, хамгаалах сэдлийг бий болгоно. Тус тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар идэвх чармайлттай ажилласнаар, олон айл өрх нарны панель, батарей, халаагуур суурилуулж, зуух, яндангаасаа салж, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчээ хэмнэх, нэмэлт орлого олох боломжийг бүрдэх юм. Харин УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно.
Ярилцсанд баярлалаа.
