E-Sight
Ярилцлага

Г.Балжинням: Төрөөс үнийн хатуу бодлого барьчихаар зах зээлийн зарчим руу орохгүй байна

2025-08-21 12:36

"Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК ийн Гүйцэтгэх захирал Г.Балжиннямтай "Энержи Инсайт"-ын Б.Баянжавзан ярилцлаа. 

Эрчим хүчний нэгдсэн системд өдөр тутмын горимын зохицуулалт хийдэг ДҮТ-ийн хувьд хэрэглэгчийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагаанд хамгийн тулгамддаг, шийдвэрлэхэд төвөгтэй асуудал нь юу вэ? 

2001 оны наймдугаар сард “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл авсан. Манай байгууллага анх Аж үйлдвэрийн яамны дэргэд Эрчим хүчний тасаг нэртэйгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 1964 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Өдгөө 120 ажилтантай, 10 нэгжтэй болж өргөжсөн. Саяхан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ. 

ДҮТ-ийн үйл ажиллагаа хоёр жигүүрээр явагддаг. Нэгд, техникийн зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний үүсгүүрүүд буюу уламжлалт болон сэргээгдэх станцууд, дамжуулах сүлжээг шуурхай ажиллагаагаар удирдана. Хоёрт, арилжааны зохицуулалт хийнэ. ОХУ-аас импортоор эрчим хүч худалдаж авна, шинээр эх үүсгүүр барихад цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийнэ, ашиглалтад орсон станцуудтай түгээх, дамжуулах дээр гэрээ байгуулна. Энэ бүгдэд өртгийн бага шалгуурт нийцсэн диспетчерийн зохицуулалт хийнэ гэсэн үг. 

Нэг талд үйлдвэрлэгч, нөгөө талд хэрэглэгч бий. Хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэрийг барихгүй бол хэрэглэгчийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангаж чадахгүй. Баланс барина гэдэг үйлдвэрлэж л байвал хэрэглэгч байна, хэрэглэгч байгаа бол хэрэглээг бүрэн дүүрэн хангах ёстой. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд хүндрэлтэй зүйл нь эрчим хүчний салбарын үйлдвэрлэх хүчин чадал хомсодсоноос хэрэглээ жин дарж байна. Шинээр эх үүсвэр барих хэрэгтэй. Тэгж байж хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангана. Энэ тал дээр төр засаг анхаарал хандуулан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний реформ хийхээр зарлаж, Дэд хороог байгуулаад байна. Түүнчлэн дэлхийн шилдэг техник, технологиудыг эрчим хүчний  салбарт ашиглах ёстой. Гэхдээ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүллээ гэхэд боловсон хүчин нь тоног төхөөрөмжөөсөө хөгжил муутай байж болохгүй юм. Тэгэхээр хүний хөгжил мөн чухал. Хүний нөөцийн хомсдол их байна. Чадварлаг сайн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрэн хангах ёстой. Хүнийг тогтвортой ажиллуулахад гурван зүйл хэрэгтэй. Ажлын байрны нөхцөл, цалин хөлс, нийгмийн халамж. Ер нь хүнд ээлтэй, хүний төлөө, хүнд чиглэсэн, хүнээ дээдэлсэн байгууллага их амжилттай явдаг. Компанийн хамгийн үнэт зүйл ажилтан шүү дээ. 

Эх үүсвэр, техник технологи, боловсон хүчин гэсэн гурван суурь дээр эрчим хүчний салбар хөгжих юм. 

Өвлийг өнтэй давахын тулд ДҮТ бэлтгэл хэрхэн хангаж байна вэ? “Юу нөөцлөв?”

ДҮТ гэлтгүй эрчим хүчний салбарын бүх байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажил гэж жил бүр хийдэг. Өвлийн их ачааллыг амжилттай давахын тулд зуны саруудад хамгийн их ажил явуулна. Энэ жил ч Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж байна. 2024 оны есдүгээр сарын 15-наас 2025 оны тавдугаар сарын 15-ны хооронд халаалт өгөх хугацааг өвлийн их ачааллын горим гэж ярьдаг. Энэ хугацаанаас өмнө л бүгдийг амжуулах ёстой. Мэдээж гадаад, дотоодын тоног төхөөрөмжийн саатал, хүний нөөц зэрэг ганц нэг давагдашгүй хүчин зүйл үүсэж зарим ажил хойшлогдох тал бий. Гэхдээ бид аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангана.

Эрчим хүчний салбарын өнөөгийн ачааллыг тоон үзүүлэлтээр илэрхийлбэл? 

Манай эрчим хүчний салбар жилд дунджаар чадал 10-11 хувь, энергиэр 8 хувийн өсөлттэй байна. Үндсэндээ жилд 150-180МВт өсөлт харагддаг. Тиймээс энэ жил буюу 2024-2025 оны их ачаалал 1750-1800 МВт хүрэх болов уу гэж тооцоолж байна. Ер нь өвлийн их ачааллын үед 250 МВт орчим чадлын дутагдал үүснэ. Үүнээс Бөөрөлжүүтийн станцын 150 МВт чадлыг хасахаар 100 МВт үлдэнэ. Дорнодын ДЦС-ыг 50 МВт чадамжаар өргөтгөөд ТБНС-ээс хангадаг байсан Хэнтий, Баруун-Урт, Сүхбаатарыг Төмөртэйн уурхайн хамт ЗБНС-д шилжүүлэхээр 30 МВт хөнгөлөлт хийхээр байгаа. Ингээд тооцоохоор 60 70 МВт дутагдал байна. Тухайн үед нь холбогдох арга хэмжээ авна. Аль болох хязгаарлахгүйн төлөө эрчим хүчний салбарын 17 мянган ажилтан зүтгэж байна шүү дээ. 

Дутагдал үүсэх 60-70 МВт-ыг импортоор авах нь ээ. Ер нь ОХУ-аас авсан импортын эрчим хүчинд хэр хэмжээний төлбөр төлж байгаа вэ? 

Монгол Улсын эрчим хүчний систем тэр дундаа газар нутгийн 80 гаруй хувийг эзэлж буй ТБНС нь ОХУ аас эрчим хүч импортолдог. Импортын эрчим хүчний хэмжээ 1 тэрбум кВт.цаг руу маш дөхөж байна шүү. ОХУ-аас авч буй эрчим хүчний төлбөр нь энергийн, чадлын, чадлын хазайлтын, дамжуулалтын зэрэг тарифаас бүрддэг. Хамгийн их хувирдаг нь энерги болон чадлын тариф юм. Яагаад гэхээр ОХУ талдаа бөөний зах зээлтэй учир үнийн хэлбэлзэл манайд бас нөлөөлдөг гэсэн үг. 2024 оны эхний найман сарын байдлаар ОХУ-аас импортолсон эрчим хүчний төлбөрт 40 сая ам.доллар төлсөн байна. 

...Төрийн өмчит компаниуд зардлаа багасгаж, үр ашигтай ажиллах, компанийнхаа менежментийг сайжруулах ёстой...

Чадлын хазайлт гэдэг ОХУ-аас авч буй чадлыг 10:00 цагт 100 МВт гэсэн бол энэ хэмжээгээр авах ёстой. Харин доош хэлбэлзвэл торгууль хүлээлгэнэ. Хэлбэлзэл яаж үүсдэг вэ гэхээр нэгд, хэрэглэгчдийн хэрэглээг урьдчилан зөв тооцоолж төлөвлөх ёстой. Зөв төлөвлөж байж зөв гүйцэтгэл гардаг учир баримжаагүй төлөвлөж болохгүй. Нөгөө талд сэргээгдэх эрчим хүч гэж байна. Хүний оролцооноос үл хамаарах нар, салхины эрчим хүч хэлбэлзэл их. Энэ хувьсамтгай горимыг импортын эрчим хүчээр, эсвэл ДЦС IV-ын үйлдвэрлэлээр зохицуулдаг. Гэтэл өвлийн улиралд ДЦС IV бүх хүчин чадлаараа ажиллаж зохицуулалт хийх боломжгүй болдог юм. Тэгэхээр импортын эрчим хүчээр горимоо тохируулж байна. Тэр чинээгээр торгууль төлдөг гэж ойлгож болно. 

Харин Оюутолгойн хувьд БНХАУ-аас 100 хувь эрчим хүч импортолдог, тусдаа гэрээтэй. ДҮТ дээр зохицуулалт хийгддэггүй. ДҮТ бол импортын цахилгаан, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл гэрээнд оролцох ёстой тусгай зөвшөөрөлтэй компани гэж ойлгох хэрэгтэй. 

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, эрс тэс уур амьсгалтай, хөгжиж буй манай улсын хувьд эрчим хүчний шилжилт ямар онцлогтой вэ? Бид эрчим хүчний салбарт шаардлагатай өөрчлөлт шинэчлэл, тулгамдаж буй асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ энэ шилжилтийг хэрхэн хийх боломжтой бол? 

Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү явж байгаа нь үнэн. Манай улс ч энэ чиг хандлагатай хөл нийлүүлээд явж байна. Бидэнд нар, салхи, усан цахилгаан станц байна. Гэхдээ гол ус ширгэх, салхигүй өдөр, тэнгэр бүрхэнэ гээд байгаль өөрөө хувьсан өөрчлөгддөг. Энэ бол хувьсамтгай горим. Энд эрчим хүч бага үйлдвэрлэж байвал нөгөө талд нөхөж үйлдвэрлэнэ. Их эрчим хүч үйлдвэрлэх үед ачааллыг дарж байх ёстой. Хувьсамтгай горимыг тогтворжуулан маневрлах чадвар бүхий эх үүсвэр хэрэгтэй. Ийм эх үүсвэр нь хийн станц, усан цахилгаан станц, батарей хуримтлуур юм. 

Монгол Улсын эрчим хүчний систем бол дэлхий дээр байдаг цор ганц, өвөрмөц систем. Том газар нутагтай, хүн ам сийрэг, урт урт шугамтай энэ онцлогт давуу тал, сул тал ч бий. Үүнд тохирсон хамгийн сайн бүтцийг оруулж ирж эрчим хүчний шилжилтэд ашиглаж, хөгжүүлэх ёстой юм. Маневрлах чадварын эх үүсвэрүүдийг барьж байж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх орон зай үүснэ. Өөрөөр хэлбэл 100 МВт усан цахилгаан станц баривал тэнд нь 30-40 МВт сэргээгдэх эрчим хүчийг зэрэгцүүлээд барихыг хэлж байгаа юм. Ингэж хөгжүүлэхгүй бол дан сэргээгдэх эрчим хүчээр явбал асуудалтай. Хослуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр манай улс маневрлах чадвар бүхий эх үүсвэрээ нэмэгдүүлж дэлхийн чиг хандлагад дөхнө.

Ер нь томоохон газар нутагтай улсын хувьд цаашид нар, салхины томоохон эх үүсвэрүүдийг хэдэн ГВт-аар барих хэрэгтэй. Улмаар эрчим хүчний дутагдалтай улс орнуудад экспортлох чиг бодлого баримтлах ёстой гэж би үздэг. Дотоодын хэрэглээг хангах нь зөв. Гэхдээ манай улсын хэрэглээ бага шүү дээ. Үндсэндээ ахуйн хэрэглээ зонхилдог, үлдсэн нь аж ахуйн нэгжийн хэрэглээ байдаг. Ахуйн хэрэглээ их учир шөнө эрчим хүчний ачаалал багасдаг. Тэр үед салхины эрчим хүч үйлдвэрлээд хаашаа шингээх үү гэдэг асуудал үүснэ. 

Эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэл хийхэд шаардлагатай хамгийн гол хүчин зүйл нь юу гэж Та харж байгаа вэ? Бүгдийг нэг мөр шийдэх боломжгүй тул нэн тэргүүнд хийх ёстой ажлуудыг эрэмбэлвэл? Яагаад? 

Яг эрчим хүчний салбарын бодлого бол Эрчим хүчний яамны асуудал. Миний ярьж буй зүйлс дандаа техникийн асуудал. Бидний ойлгож байгаагаар эрчим хүчний үнэ тариф чухал. Аливаа тарифыг өртгөөс нь доогуур байлгавал алдагдал болно. Ядахдаа өөрийн өртөгт хүргэх, өртгөөс нь жаахан дээгүүр барьж байж энэ салбар эдийн засгийн хувьд эрүүлжинэ. Эдийн засаг эрүүлжиж, зах зээлийн зөв зарчимд шилжчихвэл хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулалтуудаа хамгийн зөв бүтээн байгуулалт, сайн төслүүдэд зарцуулх хэрэгтэй. 

Шинэ эх үүсвэр гэж бүгд ярьдаг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ Говь-Алтай, Завхан гэх мэт алслагдмал аймгуудад хүргэх хэрэгтэй болно. Үүний тулд дамжуулах шугамууд зөв байх ёстой. Гэтэл одоогийн сүлжээний дамжуулах чадал тулчхаад байна. Тэгэхээр 220 кВ-ын шугамуудыг хүчитгэх, 330 кВ, 500 кВ руу шилжүүлэх үү гэдэг асуудлыг ярих болно. 

Түүнчлэн түгээх тал дээр их хүнд. Түгээхийн 0.4 кВ шугам, трансформаторууд маш их хуучирсан. Дээрээс нь манай станцууд насжилт өндөртэй болсон. Энэ урт удаан насжилттай тоноглолууд эхнээсээ зогсож байна. Иймээс манай улс шинээр эх үүсвэр барихаас гадна түгээх, дамжуулахын хуучирсан тоноглолуудаа шинэчлэх шаардлагатай. Хэрэглэгчдэд тасралтгүй эрчим хүч хүргэхийн тулд түгээх талын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй болсныг хэлэх ёстой байх. 

Одоогийн 220 кВ, 110 кВ шугамууд гэдэг хүнээр бол артер, венийн судас шүү дээ. Хялгасан судсууд нь 35 кВ, 15 кВ, 10 кВ, 6 кВ шугамууд юм.Тэгэхээр эрчим хүчний системийн артер, венийнх нь, хялгасан судлууд нь “тасарчих” гээд байна. Үүнийг өргөтгөх үү, яах уу гэдэг асуудал тулсан. 

Эцэст нь, бас л хүний нөөцийн асуудал. Хүний нөөцөө хөгжүүлэх, дахин сургах, цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Эдгээр тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдэж эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ гэж боддог. 

Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо. Үнэ нэмснээр ямар асуудлыг шийдэж чадах вэ? 

Өнөөдөр эрчим хүчний салбар жилд 250-300 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнэ нэмэгдсэнээр эхлээд алдагдалгүй болох ёстой. Хоёрт, ашигтай ажиллаж өөрсдөө хөрөнгө оруулалтаа шийддэг болох хэрэгтэй. Энэ тал руу орох нь зөв. Буруу зүйл огт биш. Ер нь төрөөс үнэ нэмэхгүй хатуу бодлого барьчихаар зах зээлийн зарчим руу оруулахгүй байна. 

Үнэ нэмэгдвэл эрчим хүчний салбарын нэг томоохон асуудлыг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл өртгөөс нь давж нэмсэн тохиолдолд хөрөнгө оруулалт татна, бизнесийн боломжууд үүснэ, хувийн хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарыг сонирхоно. Нөгөө талдаа төрийн өмчит компаниуд зардлаа багасгаж үр ашигтай ажиллах, компанийнхаа менежментийг сайжруулах ёстой. Орлого нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэх биш хэмнэж, зөв зүйлд зарцуулах учиртай. Компанийн засаглалыг тасралтгүй хөгжүүлж байх ёстой. Үүсэж байгаа цаг үеийн нөхцөл байдалд тохируулан, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжихөд компанийн гол зорилго оршдог. 

Таны хувьд ДҮТ-ийн захирал болсноос хойш ямар ажлуудад анхааран ажиллаж байна вэ? 

Би эрчим хүчний салбарт 32 жил ажиллахдаа 3, 5 дугаар зэргийн монтёр, инженер, ахлах инженер, ерөнхий диспетчер, албаны дарга, Гүйцэтгэх захирал гээд үндсэндээ бүх л шатанд ажиллаж байна. Үүнээс ДҮТ-тэй амьдралаа холбосон 30 жилийн сүүлийн зургаад нь Гүйцэтгэх захирлын алба хашиж байгаа юм. Эргээд харахаар, ДҮТ-ийн ахмадуудын бидэнд үлдээсэн сайн сайхан зүйлсийг үргэлжлүүлж авч явах чухал. Мэдээж орчин цагтай хөл нийлүүлж техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж буй. ДҮТ-д хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг технологиудыг нэвтрүүлж байна. Тухайлбал Монгол Улсын эрчим хүчний цогц системийн шилжилтийн процессыг шинжилдэг WAMS системийг нэвтрүүлсэн. Хүн дээр бол MRI шиг хамгийн төгс систем юм. Мөн эрчим хүчний дутагдалтай үед аль болох хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах үүднээс техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын шинэ шинэ ажлуудыг хийсэн. Системийн дархлааг барих, үүсэх аваараас урьдчилан сэргийлэх автоматикууд, үүссэн аваарыг цааш дамжуулахгүй байх реле хамгаалалтын систем гээд дурдаж болно. Эдгээрт техник технологиудыг нэвтрүүлэхэд ДҮТ маш их хөрөнгө зарцуулж байна.

Компанийн үнэт зүйл болсон хүний нөөцдөө анхаарч байна. Сайн сайн боловсон хүчин авах, тогтвор суурьшилтай ажиллуулахад нэлээд ажлууд хийжээ. Манай залуус гадаад дотоодод сурч ирээд ДҮТ-дөө ажиллаж байна. Зарим нь одоо Австрали, Шинэ Зеланд, Америк, Орос, Хятадад сурч байгаа. Цахилгааны инженер нөгөө талдаа IT инженер болж байна. Ингээд хослохоор төгс инженер “төрж” байна шүү дээ. Манай байгууллагын 80-90 хувь нь залуучууд. Ер нь залуучуудын маань үе ирлээ. Маш сайн сургаж, дадлагажуулж, дараагийн сайн боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Энэ залуучууд удахгүй эх орны эрчим хүчний салбар, энэ байгууллагыг авч явна. Мөн ДҮТ-ийн 30-40 хувь нь эмэгтэйчүүд байна. Салбартаа эмэгтэй ажилтан ихтэй байгууллагад тооцогдоно. Эрчүүдийн гэж яригддаг эрчим хүчний салбарт аль болох эмэгтэйчүүдийг оруулж, ажиллуулахыг эрмэлздэг. 

Монгол Улсын эрчим хүчний салбар чөлөөт зах зээлд хэрхэн шилжих боломжтой вэ? 

Чөлөөт зах зээл гэдэг их хэцүү асуудал. Хүмүүс “Юугаа чөлөөлж, юугаа зах зээлд шилжүүлэх гэж байгаа юм” гэж шүүмжилдэг. Төрийн өмчит компаниудын том том станцуудтай өрсөлдөх хувийн станц одоохондоо алга. Хүчин чадлын хувьд чөлөөт зах зээл дээр хоорондоо өрсөлдөхүйц эрчим хүчний бүтэцтэй баймаар юм шиг санагддаг. Борлуулалтыг менежмент хийдэг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьчлан авсан. Түгээх талаа ийм байдлаар шийдэж болно гэж харж байна. Хэрэглэгчээс мөнгөө бүрэн дүүрэн авч байх ёстой. 

Манай улсын эрчим хүчний салбар нэг худалдан авагчтай зах зээлийн загвартай. Нэг худалдан авагч гэдэг нь төр өөрөө. Тэр байдлаас чөлөөт зах зээл рүү шилжих гэдэг бол маш том асуудал. Судалгаатай, нарийн төлөвлөгөө тооцоотой, эрх зүйн чадамжтай актуудаа сайн үйлдэж байж чөлөөт зах зээлд шилжих ёстой. Дараагийн зах зээл нь юу байх вэ, өрсөлдөөний, бөөний, гэрээт зах зээл үү. Дэлхийд зах зээлийн олон загвар бий. 

Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Түгээх тусгай зөвшөөрөл нь хувьд, улсад ч байдаг. Харин диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл бол аль ч оронд улсын мэдэлд байдаг, үүнд анхаарлаа хандуулдаг. Газар хөдлөлт, үер усны гамшиг тохиоход эрчим хүчний удирдлага дараагийн нөөц төв рүү шууд шилжих ёстой. Герман улсад гурван ч нөөц төв байна. Онцгой объект. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг хувьчилж болохгүй. Энэ нь улс орны, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Дамжуулах тусгай зөвшөөрөл мөн л улсын мэдэлд, харин эх үүсвэрүүд хувьд байдаг. Тийм учраас хувьчлахдаа маш болгоомжтой, нямбай, ач холбогдлоор нь үнэлж дүгнэх учиртай. 

Юуны түрүүнд манай улс Орос, Хятадаас импортолж буй эрчим хүчээ бууруулж хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр 100 хувь хангадаг болоодохъё. Тэгж байж дараагийн асуудлаа яримаар байна. Гаднаас эрчим хүчний бараг 20-30 хувиа хангаж байгаа тохиолдолд “гоё гоё” ярихаар тэр нь үлгэр болно.

Ярилцсанд баярлалаа. 

Энержи Инсайт сэтгүүл, 2024 №04 (005)