Энержи Инсайт сэтгүүл “Ногоон шилжилт: Бизнесийн түүх” буландаа сэргээгдэх эрчим хүч, ногоон шийдлийг үйл ажиллагаандаа ашиглаж буй бодит түүхийг хуваалцах болно. Энэ удаагийн дугаарт маань “Номад нэйчур кемп” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Ерөө Лоудж” кемпийн цахилгаан, дулааны эрчим хүчний шийдлийн талаарх туршлагаа Эрик Гулсруд Жонсн хуваалцсныг хүргэе.
Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд байршлын онцлогоос хамааран эрчим хүчний нэгдсэн системд холбогдох нөхцөл хязгаарлагдмал байдаг. Энэ нь нэг талд сул тал мэт боловч байгальд ээлтэй, ногоон, цэвэр шийдлийг эрэлхийлэх боломжийг олгодог онцлогтой.
Нарны систем суурилуулах хэрэгцээ юунаас үүдэлтэй вэ? Ямар хэрэглээг хангаж байна вэ?
Алслагдсан бүс нутагт амралтын газар ажиллуулахад тогтвортой цахилгаан хангамжид холбогдох боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс эхнээсээ бидэнд бие даан ажиллах, өдөр тутмын үйл ажиллагааг найдвартай хангах шаардлага үүссэн бөгөөд нарны эрчим хүч хамгийн оновчтой сонголт болсон.
Эхний жилүүдэд гол асуудал нь үйлдвэрлэл бус, тогтвортой байдал байсан. Зочдын хэрэглээ маш их хэлбэлзэлтэй байдаг бөгөөд улирал, дүүргэлт, хувь хүний хэрэглээнээс шалтгаалан өөрчлөгдөнө. Жишээлбэл, зочид нэмэлт төхөөрөмж ашиглах, цахилгаан дугуй цэнэглэх зэрэг нь гэнэтийн ачаалал үүсгэдэг. Мөн улирлаас ихээхэн хамаардаг. Зуны улиралд зочдын тоо ихсэх, хөргөлтийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотойгоор хэрэглээ өсдөг.
Ойролцоогоор 100 кВт.цаг багтаамжтай батарейн систем суурилуулснаар энэ асуудал мэдэгдэхүйц сайжирсан. Багтаамж нь бага боловч хэрэглээний хэлбэлзлийг тэнцвэржүүлж, илүү тогтвортой ажиллагааг хангах боломжийг бүрдүүлсэн.
Одоогоор манай нарны систем нийтдээ ойролцоогоор 45 кВт хүчин чадалтай бөгөөд 75 хүртэлх зочин хүлээн авах чадалтай. Насос, дэд бүтэц, гэрэлтүүлэг, гал тогоо болон зочдын бүх хэрэглээг хангаж байна (халаалтаас бусад). Системийг хэд хэдэн хэсгээс бүрддэг тул нэг хэсэгт засвар хийхэд бусад хэсэг хэвийн ажиллах боломжтой.
Алслагдсан бүс нутагт нарны эрчим хүч найдвартай шийдэл болж чаддаг уу?
Онолын хувьд боломжтой боловч бодит байдал дээр жаахан төвөгтэй. Гол асуудал нь урьдчилан таамаглах боломжгүй хэрэглээ юм. Зочдын зан байдал, төхөөрөмжийн хэрэглээ байнга өөрчлөгдөж, гэнэтийн ачаалал үүсдэг.
Бидний ойлгосноор найдвартай байдал нь зөвхөн үйлдвэрлэлээс бус нөөц ба уян хатан байдлаас ихээхэн шалтгаалдаг. Ялангуяа жижиг системүүдэд онолын тооцооллоос илүү их нөөц шаардлагатай байдаг. Үйл ажиллагаа томрох тусам суурь хэрэглээ тогтвортой болж, системийн ажиллагаа илүү найдвартай болдог юм байна.

Зочид болон бусад ижил төрлийн байгууллагууд танай туршлагыг сонирхож судалдаг уу?
Тийм ээ, сонирхол их байдаг ч системээсээ шалтгаалан ялгаатай. Ихэнх зочид нарны цахилгаанд төдийлөн анхаардаггүй, учир нь энэ нь шууд мэдрэгддэггүй. Харин нарны дулааны систем тэдний сонирхлыг илүү татдаг. Ялангуяа дулаан бүс нутгаас ирсэн зочид ийм системийг мэддэг боловч хүйтэн нөхцөлд хэрхэн ажиллаж байгааг асуудаг.
Мөн манай пеллет халаагуур их анхаарал татаж байна. Температур мэдрэгчтэй, шаталтыг автоматаар тохируулдаг тул дотор орчныг тогтвортой, тав тухтай байлгадаг. Ирэх өвлөөс бүх гэрийг пеллет халаалтад шилжүүлэхийг зорьж байна. Мод түлэхтэй харьцуулахад илүү үр ашигтай төдийгүй утаа бага гаргадаг.
Цахилгаан болон дулааны чиглэлээр шинэ шийдэл, технологи туршиж байна уу?
Бид байнга өөр өөр шийдлүүдийг туршиж, орчиндоо хамгийн тохирох хослолыг хайж байна. Одоогоор нарны цахилгаан, нарны дулаан, агаараар дулаан дамжуулах систем, пеллет халаагуур, мөн хэсэгчлэн LPG систем ашиглаж байна. Гэхдээ LPG системийг үе шаттайгаар халж байна.
Офф-грид нөхцөлд нэг эх үүсвэрт найдах нь эрсдэлтэй. Систем бүр өөрийн давуу болон сул талтай тул хослуулснаар илүү уян хатан, найдвартай болдог. Мөн уламжлалт модон зуухыг пеллет халаагуураар сольж эхэлсэн.
Нарны эрчим хүч танай үнэт зүйлтэй хэр нийцдэг вэ? Зочид хэрхэн хүлээж авдаг вэ?
Бидний үнэт зүйлтэй сайн нийцдэг, гэхдээ эхэндээ тодорхой хэмжээнд албадмал шийдэл байсан. Цахилгааны хэрэглээг маш сайн хянах шаардлагатай байсан нь зарим үед зочдын зан үйлд нөлөөлдөг байсан. Систем сайжрахын хэрээр эдгээр хязгаарлалтууд арилж, өнөөдөр бид илүү итгэлтэй болсон.
Олон улсын зочид тогтвортой аяллыг дэмждэг бөгөөд бид эерэг сэтгэгдэл их авдаг. Нарны цахилгаан болон пеллет халаалтын хослол нь өвлийн улиралд ч цэвэр, тав тухтай орчныг бүрдүүлдэг.
Нарны эрчим хүч ашиглахын сул тал болон анхаарах зүйлс юу вэ?
Манай хувьд байршлаас шалтгаалан энэ нь зайлшгүй сонголт байсан. Генератор ашиглах боломж байсан ч дуу чимээ ихтэй, түлш шаарддаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй.
Нарны системийн эхний хөрөнгө оруулалт өндөр боловч ашиглалтын зардал бага байдаг. Бидний гаргасан нэг алдаа бол батарейн нөөцийг дутуу тооцсон явдал. Бодит хэрэглээ онолын тооцооллоос их ялгаатай байдаг тул нөөц хангалттай байх нь маш чухал.
Мөн системийг зөв зохион байгуулах шаардлагатай. Манай хоёр нарны дулааны системийн нэг нь маш сайн ажиллаж байгаа бол нөгөө нь одоогоор сайжруулалт шаардлагатай байна. Одоогоор бид цахилгааны асуудлыг үндсэндээ шийдсэн бөгөөд анхаарлаа дулааны системийг илүү үр ашигтай болгоход төвлөрүүлж байна.

