E-Sight
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нарны хавтан угсарна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нарны хавтан угсарна

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн олон улсын өдөр” тохиож буйтай холбогдуулан есдүгээр сард “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II (cTVET II)” төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зохион байгуулсан сургалтын мэдээллийг хүргэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь нарны хавтан угсрах чадамж эзэмшүүлэх зорилготой богино хугацааны сургалт бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан сургалтын орчны  тохируулга хийснээрээ онцлог юм. Тодруулбал, сургалт зохион байгуулагдсан Налайх дүүрэг дэх Политехникийн коллежид налуу зам, ариун цэврийн өрөөг урьдчилан бэлтгэж тохируулга хийжээ.  

“cTVET II” төсөл нь хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгох, жендэрийн мэдрэмжтэй сургалтын орчинг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн сургалтыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд анхааран ажилладаг. 

ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй уг төслийг 2024 оны долдугаар сараас Австралийн Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэлжээ. 

Хосмог сургалтын тогтолцоо нь сургалтын байгууллага болон ажлын байрыг хослуулан суралцах боломжийг олгодгоороо онцлог юм.