БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг хамтран “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатарын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төслийг эхлүүлж байна. Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах. Нүүрсэнд суурилсан халаалтыг дулаан хадгалах технологи, ухаалаг тоолуураар тоноглогдсон нарны эрчим хүчээр ажилладаг системээр солих замаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улс даяар цэвэр эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.
БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагийн “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-аас санхүүжүүлж буй энэхүү төсөл нь ирэх хоёр жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 450 өрхөд уг шийдлийг нэвтрүүлэх аж. НҮБХХ-ийн 2023-2024 онд хэрэгжүүлсэн туршилтад тулгуурлаж буй тус төсөл нь нэг удаагийн буцалтгүй тусламжаас илүү зах зээлийн тогтвортой шийдэлд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний загвар руу шилжих алхам гэдгийг хэрэгжүүлэгчид онцолжээ. Батарейны хадгалалт, ухаалаг тоолуур бүхий жижиг нарны цахилгаан сүлжээг суурилуулах, өрхийн түвшний нарны халаалтын систем, нүүрстөрөгчийн кредитийг цаг тухайд нь бодитоор хянадаг болох зорилтод үр дүнгийн хүлээлттэй байна. Мөн төслийн хүрээнд олон нийтэд сургалтын хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүчний үр ашгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил явуулах, жендэрийн мэдрэмжтэй байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчний шилжилт нь хүн бүрт боломжийг бий болгож, хэнийг ч орхигдуулахгүй байхад анхаарах гэнэ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска "Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд бүх түвшний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Инновац, хөрөнгө оруулалт, тууштай хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс нүүрсний хараат байдлаас гарах бүрэн боломжтой бөгөөд энэ замналд хэн ч орхигдохгүй байх ёстой. Үүнийг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй CIDCA-д бид талархал илэрхийлье"
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэн CIDCA-гийн шугамаар Монгол Улсын иргэдэд цэвэр, өртөг бага эрчим хүч хүргэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа таатай байна. Энэ төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээх гэсэн Хятад Улсын зорилгыг тод илэрхийлж байна”
Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А. Амартүвшин "Сэргээгдэх эрчим хүч нь Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлын бууруулах сорилтыг шийдвэрлэх хамгийн бодит бөгөөд үр дүнтэй шийдлүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь бидэнд цэвэр агаар, эрүүл амьдрах орчин, тогтвортой ирээдүйг бий болгоход тусална гэдэгт итгэлтэй байна"
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Манай дүүргийн оршин суугчид цэвэр агаар, өртөг багатай эрчим хүчээр хангагдах бүрэн эрхтэй. Энэхүү санаачилга нь эрүүл мэндийг сайжруулах, зардлыг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих урт хугацааны бодитой шийдэл болж байна. Амжилттай хэрэгжсэнээр энэхүү шийдэл дүүргийн маань олон өрхөд хүрнэ гэдэгт итгэж байна"
Агаарын бохирдол Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Улаанбаатар хотын гэр хороололд түлж буй нүүрс нь нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын ялгаралтын 60 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн орчны болон агаарын бохирдлоос үүдэн жил бүр 7100 гаруй хүн цаг бусаар нас барж, үндэсний ДНБ-ий 10 хувьд хүрэх эдийн засгийн хохирол учруулж байгааг албан мэдээнд тэмдэглэжээ.
bayarjargal buyanulzii
1 хоногийн өмнө