E-Sight
Ярилцлага

Э.Ганбат: Гадаадын инженерингийг орлох бус, ижил түвшний түнш болох нь бидний зорилго

2026-08-13 08:03
Э.Мишээл
Сэтгүүлч

“Шугам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганбаттай саяхан дууссан “Зэс-Оюу” дэд станцын төсөлд тус компанийн оролцоо, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон инженеринг, зөвлөх үйлчилгээний талаар "Энержи Инсайт"-ын Э.Мишээл ярилцлаа.

–Энэ төслийн ач холбогдлыг зөвхөн 70–80 МВт гэсэн тоогоор хэмжих нь учир дутагдалтай–

Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжсэн 220 кВ-ын “Зэс-Оюу” дэд станцын төсөлд танай компани ямар оролцоотой ажилласан бэ?

“Зэс-Оюу” төсөл нь БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Төв болон Өмнөд бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм. Уг төслийн хүрээнд “Шугам” ХХК 220 кВ-ын “Зэс-Оюу” дэд станцын иж бүрэн  зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү төсөл нь ердийн нэг дамжуулах дэд станцаас илүү өргөн хүрээний инженерийн асуудалтай байсан. Учир нь Монгол Улсын цахилгаан дамжуулах сүлжээ, Оюутолгой уурхайн цахилгаан хангамж болон БНХАУ-ын талаас 220 кВ-ын ЦДАШ-ыг нэг цэгт холболт хийсэн нь системийн найдвартай ажиллагаа, хамгаалалтын сонгомол ажиллагаа, удирдлага, мэдээлэл солилцоо зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай болсон.

Манай инженерүүд төслийн зураг төслийг БНХАУ-ын GB стандарт болон олон улсын IEC стандартын шаардлагуудтай уялдуулан боловсруулсан. Мөн ABB, SEL, SIFANG, NARI зэрэг өөр өөр үйлдвэрлэгчдийн тоон реле хамгаалалт, удирдлагын төхөөрөмжүүдийг нэг системд уялдуулан ажиллуулах инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлсэн. Тиймээс бидний хувьд “Зэс-Оюу” төсөл нь зөвхөн нэг амжилттай дуусгасан төсөл бус, Монголын эрчим хүчний салбарын инженерүүд олон улсын стандарт, орчин үеийн тоон технологид суурилсан өндөр хүчдэлийн системийн нарийн төвөгтэй инженерингийн шийдлийг бие даан гүйцэтгэх чадавхтайг харуулсан чухал ажил болсон гэж би үзэж байна.

“Зэс-Оюу” төслийн техникийн хувьд хамгийн онцлог, инженерийн өндөр шийдэл шаардсан хэсэг нь юу байсан бэ?

Энэ төслийн гол онцлог нь анхдагч хэлхээ, реле хамгаалалт, автоматжуулалт, удирдлагын системийн шийдэл байсан. Анхдагч тоноглолын хувьд ил хуваарилах байгууламжийг өндөр найдвартай ажиллагаа, урт хугацааны ашиглалтын шаардлагад нийцүүлэн хатуу шинэн системтэйгээр төлөвлөж, өндөр гүйдэл дамжуулах чадвар болон богино залгааны үеийн механик, дулааны ачааллыг даах нөхцөлийг бүрэн хангасан.

Мөн дэд станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг хангах зорилгоор 220/0.4 кВ-ын SSVT (Station Service Voltage Transformer) төрлийн дотоод хэрэгцээний трансформаторыг төлөвлөсөн. Энэхүү шийдэл нь тусгайлсан дотоод хэрэгцээний трансформаторын нэмэлт зай талбай шаардахгүйгээр дэд станцын ашиглалт, үйлчилгээний найдвартай байдлыг нэмэгдүүлэх давуу талтай. Энгийнээр хэлбэл 220,000 вольтоос шууд 400 вольт хүртэл бууруулж станцын дотоод хэрэгцээгээ хангах энэхүү шийдэл нь манай улсын хувьд анхных болж байна.

Реле хамгаалалтын хувьд БНХАУ-тай холбогдох IMPC-1, IMPC-2 шугам болон Оюутолгойн Central-1, Central-2 шугам тус бүрийг хоёр үндсэн хамгаалалтын панель болон тус тусдаа удирдлага, хяналтын панельтайгаар төлөвлөсөн. Энэ нь аль нэг үндсэн хамгаалалтын төхөөрөмж, эсвэл хэлхээнд гэмтэл гарсан тохиолдолд нөгөө хамгаалалт бие даан ажиллах боломжтой, өндөр түвшний нөөцлөлт бүхий шийдэл юм. Эрчим хүчний ийм чухал зангилаанд хамгаалалтын найдвартай ажиллагаа маш өндөр түвшинд тавигддаг. Нөгөө томоохон онцлог нь дэд станцын автоматжуулалт, удирдлага, хяналтын системийг IEC 61850 стандартад суурилан төлөвлөсөн явдал.

Ингэснээр реле хамгаалалт, хэмжилт, дохиолол, таслуур, салгуурын төлөв болон удирдлагын мэдээллүүдийг нэгдсэн системээр боловсруулах, тоноглолыг алсаас аюулгүй удирдах, EMS түвшнээс хянах, мөн Диспетчерийн үндэсний төвийн SCADA/EMS системтэй шаардлагатай мэдээллийг солилцох боломж бүрдсэн.

Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн өндөр хүчдэлийн тоног төхөөрөмж барьсан төсөл биш. Цахилгаан тоноглол, реле хамгаалалт, автоматжуулалт, мэдээлэл холбоо, диспетчерийн удирдлагыг нэг систем болгон интеграцчилсан орчин үеийн дижитал дэд станцын инженерийн шийдэл гэж ойлгож болно.

Төслийн үр дүнд БНХАУ-аас 70–80 МВт-ын цахилгаан эрчим хүч авах боломж бүрдсэн. Үүний стратегийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

Энэ төслийн ач холбогдлыг зөвхөн 70–80 МВт гэсэн тоогоор хэмжих нь учир дутагдалтай. Юуны өмнө Монгол Улсын цахилгаан дамжуулах сүлжээний өмнөд хэсгийн импортын болон дамжуулах боломж нэмэгдэж, эрчим хүчний хангамжийн өөр нэг чухал холболтын цэг бий болж байна. Өмнөд бүс бол Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн томоохон хэрэглэгчид төвлөрсөн, цахилгаан эрчим хүчний хэрэглээ цаашид ч өсөх бүс нутаг. Ийм нөхцөлд системд нэмэлт чадал оруулах боломж бүрдэх нь тухайн бүсийн төдийгүй Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачааллын баланст эерэг нөлөө үзүүлнэ.

Үүнээс гадна “Зэс-Оюу” төслийн нэг онцлог нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаагаар холбогдох техникийн боломжийг бүрдүүлсэн явдал. Цаашид хоёр улсын эрчим хүчний системийн горим, техникийн болон арилжааны нөхцөл бүрдсэн тохиолдолд ийм холболт нь Монгол Улсын эрчим хүчний системийн уян хатан байдал, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой. Гэхдээ импортын цахилгаан эрчим хүчийг дотоодын шинэ эх үүсвэрийг орлох урт хугацааны шийдэл гэж харах ёсгүй. Харин дотоодын эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хуримтлуур, дамжуулах сүлжээний шинэчлэлтэй хослон системийн найдвартай ажиллагааг дэмжих нэг хэрэгсэл гэж харах нь зөв.

БНХАУ-ын GB болон олон улсын IEC стандартуудыг нэг төсөл дээр уялдуулахад хүндрэл гарсан уу?

Энд тодорхой сорилтууд байсан. Олон улсын томоохон эрчим хүчний төслийн инженерингийн хамгийн хүнд хэсгийн нэг нь өөр өөр стандарт, үйлдвэрлэгч, технологийг нэг системд найдвартай ажиллуулах явдал байдаг. Тухайлбал, энэ төсөлд БНХАУ-ын GB стандартын шаардлага болон IEC стандартын шаардлагуудыг Монголын цахилгаан системийн нөхцөл, ашиглалтын шаардлагатай уялдуулах хэрэгтэй болсон. Үүн дээр ABB, SEL, SIFANG, NARI зэрэг өөр өөр үйлдвэрлэгчийн төхөөрөмжүүд ашиглагдсан. Үйлдвэрлэгч бүр өөрийн техник, программ хангамж, өгөгдлийн бүтэц, инженерийн онцлогтой. Гэтэл эцсийн дүнд хэрэглэгчийн хувьд эдгээр нь тусдаа төхөөрөмжүүд биш, нэг дэд станцын нэгдсэн хамгаалалт, удирдлага, автоматжуулалтын систем болж ажиллах ёстой.

Тиймээс төхөөрөмж сонгохоос илүүтэй тэдгээрийн хоорондын интерфейс, хамгаалалтын логик, мэдээллийн солилцоо, удирдлагын архитектурыг зөв тодорхойлох нь инженерингийн гол ажил болсон. Энэ төрлийн ажил нь орчин үеийн эрчим хүчний инженер зөвхөн өөрийн нарийн мэргэжлийн чиглэлийг мэдэхээс гадна системийн интеграцийн түвшинд ажиллах шаардлагатай болж байгааг харуулж байгаа юм.

Ийм хэмжээний бүтээн байгуулалт хийхэд “Шугам” ХХК-д ямар хүндрэл, бэрхшээл тулгарсан бэ?

Томоохон эрчим хүчний төслийн хамгийн том сорилт нь нэг инженерийн тооцоо эсвэл нэг зураг боловсруулахад бус, маш олон оролцогчийн ажлыг нэг техникийн шийдэл дээр уялдуулахад байдаг. Захиалагч, ашиглагч байгууллага, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, барилга угсралтын байгууллага, гадаадын инженерүүд болон Монголын эрчим хүчний системийн холбогдох байгууллагууд өөр өөрийн шаардлага, ажлын арга барилтай. Тэдгээрийн хооронд техникийн нэг ойлголт бий болгож, эцсийн шийдлийг системийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэх нь инженерийн компанийн хамгийн чухал үүргийн нэг. Тиймээс бид “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, “Оюу Толгой” ХХК буюу гүйцэтгэгч, ашиглагч талуудын  холбогдох инженерүүдтэй нягт хамтран ажиллаж инженерийн тооцоо, техникийн шийдэл, зураг төслийн чанарыг бууруулахгүй байх зарчмыг баримталсан.

Зургийн тайлбар: Баруун гар талаас "Шугам" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Авирмэд, Гүйцэтгэх Захирал Э.Ганбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, РХА инженер Б.Дарханцэцэг, Ерөнхий инженер Б.Чинзориг, Төслийн менежер М.Түвшинжаргал нар (2026.08.03)

Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж, хоёр хөршөөс эрчим хүч авах боломж нэмэгдэж байгаа ч цахилгааны хязгаарлалтын асуудал байсаар байна. Үүний үндсэн шалтгаан юу вэ?

Эрчим хүчний системийг зөвхөн “нийт хэдэн МВт суурилагдсан хүчин чадалтай вэ?” гэдгээр хэмжих боломжгүй. Хамгийн чухал нь хэрэглээ хамгийн өндөр байгаа тэр мөчид систем хэдий хэмжээний найдвартай чадлыг хэрэглэгчдэд хүргэж чадах вэ гэдэг асуудал. 

Манай эрчим хүчний системд эх үүсвэрийн хүрэлцээ, насжилт, оргил ачаалал, дамжуулах сүлжээний хязгаарлалт, эх үүсвэр болон хэрэглээний газарзүйн байршлын зөрүү зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлдөг. Нар, салхины эх үүсвэр нэмэгдэж байгаа нь маш зөв чиглэл. Гэхдээ нар шингэсний дараах оройн оргил хэрэглээг нарны цахилгаан станц хангах боломжгүй. Салхины үйлдвэрлэл ч тухайн үеийн цаг агаарын нөхцөлөөс шалтгаална. Тиймээс 100 МВт-ын сэргээгдэх эх үүсвэр шинээр ашиглалтад орлоо гэдэг нь системд 100 МВт-ын баталгаатай чадал нэмэгдлээ гэсэн үг биш. Ийм учраас шинэ эх үүсвэр барихаас гадна хуримтлуур, тохируулгын чадалтай эх үүсвэр, дамжуулах сүлжээ, системийн автоматжуулалт, хэрэглээний удирдлагыг зэрэг хөгжүүлэх шаардлагатай.

Тэгвэл Монгол Улс ойрын жилүүдэд цахилгааны хязгаарлалтаас гарах боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ үүнийг нэг төсөл эсвэл нэг төрлийн эх үүсвэр шийдэхгүй. Бид эрчим хүчний системээ “эх үүсвэр + дамжуулах сүлжээ + хуримтлуур + системийн зохицуулалт + хэрэглээний менежмент” гэсэн цогц байдлаар хөгжүүлэх шаардлагатай байна. 

Шинэ эх үүсвэрүүдээ цаг хугацаанд нь барихын зэрэгцээ тэдгээрийн үйлдвэрлэсэн цахилгааныг хэрэглэгчид хүргэх дамжуулах сүлжээ бэлэн байх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмэгдэх тусам батарей хуримтлуур болон хурдан тохируулгын эх үүсвэрийн хэрэгцээ нэмэгдэнэ. 

Үүнээс гадна манай томоохон хэрэглэгчдийн оргил ачааллыг тодорхой хэмжээнд удирдах, ухаалаг тоолуур, тарифын механизмаар хэрэглээг өөр цаг руу шилжүүлэх зэрэг demand-side management арга хэмжээг ч ашиглах боломжтой. Эдгээрийг нэг төлөвлөгөөний хүрээнд, зөв дарааллаар хэрэгжүүлж чадвал цахилгааны хязгаарлалтыг үе шаттайгаар бууруулах бүрэн боломжтой.

Монгол Улсын эрчим хүчний салбарын үндсэн эх үүсвэр юу байх ёстой вэ? Нүүрс, сэргээгдэх эрчим хүчний аль нэгийг сонгох шаардлагатай юу?

Бид энэ асуудлыг “нүүрс үү, сэргээгдэх үү?” гэсэн хоёр сонголттой мэтээр харах нь оновчгүй. Эрчим хүчний системийн хамгийн эхний шаардлага бол найдвартай ажиллагаа. Үүний дараа эдийн засгийн үр ашиг, байгаль орчны нөлөөлөл, эрчим хүчний хараат бус байдал зэрэг хүчин зүйлүүдийг хамтад нь авч үзнэ. Монголын өнөөгийн нөхцөлд дулааны цахилгаан станцууд суурь болон найдвартай чадлын чухал үүргийг ойрын хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй учраас сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг үе шаттай нэмэгдүүлэх нь зайлшгүй.

Харин сэргээгдэх эрчим хүч нэмэгдэхийн хэрээр батарей хуримтлуур, уян хатан эх үүсвэр, системийн автомат удирдлага болон дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулах шаардлага мөн зэрэг нэмэгдэнэ. Тиймээс эх үүсвэр бүр өөр өөрийн үүрэгтэй.

  • Дулааны цахилгаан станц—системийн найдвартай, тогтвортой чадал;
  • Нар, салхи—дотоодын сэргээгдэх нөөцийг ашиглан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • Батарей хуримтлуур—үйлдвэрлэл, хэрэглээний богино хугацааны зөрүүг зохицуулах, системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх;
  • Импорт, экспортын холболт—системийн найдвартай ажиллагаа, харилцан ашигтай эрчим хүчний солилцоог дэмжих;
  • Усан болон бусад тохируулгын эх үүсвэр—системийн баланс, горимын зохицуулалтыг дэмжих үүрэгтэй.

Тиймээс бодлогын гол асуулт нь “аль нэгийг нь сонгох уу?” биш, “2030, 2040, 2050 онд эх үүсвэр бүр ямар үүрэгтэй, ямар хэмжээтэй байх вэ?” гэдгийг тодорхой болгох явдал гэж хардаг.

Эрчим хүчний бодлого, урт хугацааны төлөвлөлтийг олон нийтэд илүү нээлттэй тайлбарлах шаардлагатай юу?

Шаардлагатай гэж боддог. Эрчим хүч бол зөвхөн салбарын инженерүүдийн асуудал биш. Иргэн бүр, үйлдвэр бүр, хөрөнгө оруулагч бүрт шууд нөлөөлдөг суурь дэд бүтэц. Тиймээс Монгол Улс ойрын 10, 20, 30 жилд эрчим хүчний системээ ямар бүтэцтэй болгох гэж байгаа, нүүрс, нар, салхи, ус, хуримтлуур, импорт тус бүр ямар үүрэгтэй байхыг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлах нь чухал. Ингэж чадвал нэг эх үүсвэрийг нөгөөгийн эсрэг тавьсан маргаан багасна.

Үүнээс гадна урт хугацааны тодорхой бодлого нь хөрөнгө оруулагч болон инженерийн салбарт маш чухал. Ямар төслүүд, ямар дарааллаар хэрэгжих нь тодорхой байвал хүний нөөцөө бэлтгэх, технологид хөрөнгө оруулах, дотоодын инженерийн чадавхаа урт хугацаагаар хөгжүүлэх боломжтой болно.

Зураг төсөл, инженеринг, зөвлөх үйлчилгээ нь эрчим хүчний төслийн хувьд ямар онцгой ач холбогдолтой вэ?

Барилга угсралтын ажлыг бид нүдээрээ хардаг. Харин тухайн байгууламжийг яагаад ийм хүчин чадалтай, яагаад ийм тоног төхөөрөмжтэй, яагаад ийм хамгаалалтын схемтэй барих ёстойг инженерингийн шатанд шийддэг. Тиймээс инженеринг бол барилгын өмнөх “зураг зурдаг” шат биш. Төслийн хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, ашиглалтын зардал, цаашдын өргөтгөлийн боломжийг урьдчилан тодорхойлдог үе шат юм.

Эрчим хүчний салбарын хувьд энэ бүр ч чухал. Нэг дэд станц дангаараа ажилладаггүй. Тэр нь цахилгаан станц, дамжуулах шугам, бусад дэд станц, хэрэглэгч болон диспетчерийн удирдлагатай нэг систем болон ажиллана. Тиймээс сайн инженеринг гэдэг нь зөвхөн техникийн шаардлага хангах бус, тухайн байгууламжийг бүхэл системийн нэг хэсэг болгон зөв төлөвлөхийг хэлнэ.

“Зэс-Оюу” төсөл үүний маш тодорхой жишээ. Нэг талаас өндөр хүчдэлийн үндсэн тоног төхөөрөмж, нөгөө талаас реле хамгаалалт, IEC 61850 автоматжуулалт, SCADA/EMS, олон үйлдвэрлэгчийн төхөөрөмж, хоёр улсын системийн холболтыг нэг инженерийн архитектурт уялдуулах шаардлагатай болсон.

Монголд эрчим хүчний зураг төсөл, инженеринг, зөвлөх үйлчилгээний зах зээл хэр хөгжсөн бэ?

Сүүлийн жилүүдэд Монголын инженерийн салбарын чадавх мэдэгдэхүйц өссөн гэж хардаг. Өмнө нь томоохон төслүүд дээр гадаадын инженерийн байгууллагын боловсруулсан шийдлийг Монголын норм дүрэмд нийцүүлэхэд дотоодын компаниуд дэмжлэг үзүүлэх хэлбэр давамгай байсан бол өнөөдөр Монголын компаниуд ТЭЗҮ, системийн судалгаа, үндсэн болон нарийвчилсан зураг төсөл, реле хамгаалалт, автоматжуулалт, SCADA, зохиогчийн хяналт зэрэг төслийн олон үе шатыг гүйцэтгэх чадавхтай болсон. Гэхдээ зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоо болон томоохон, олон улсын түвшний төслийн инженерингийг цогцоор нь удирдах чадавхтай компаниудын тоог адилтгаж болохгүй.

Өндөр хүчдэлийн болон системийн хэмжээний төсөл дээр ажиллахын тулд зөвхөн инженерүүдтэй байх хангалтгүй. Олон жилийн төслийн туршлага, инженерийн өгөгдөл, чанарын тогтолцоо, нарийн мэргэшсэн баг, программ хангамж, олон улсын стандартын мэдлэг, төслийн менежмент болон системийн интеграцийн чадавх шаардлагатай.

Гадаадын инженерийн компаниуд Монголын томоохон төслүүдэд оролцож байна. Тэднээс суралцах, хамтран ажиллах зүйл их бий. Харин манай салбарын дараагийн зорилго бол гадаадын инженерингийг орлох тухай биш, Монголын инженерийн компаниуд олон улсын төслүүд дээр ижил түвшний мэргэжлийн түнш болон ажиллах чадавхаа бий болгох явдал гэж хардаг.

“Шугам” ХХК-ийн хувьд цаашдын зорилго юу вэ?

“Шугам” ХХК 1994 оноос хойш Монголын эрчим хүчний салбарын зураг төсөл, инженерингийн чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсын эрчим хүчний систем, эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээний талаар өргөн хүрээний инженерийн мэдлэг, туршлага хуримтлуулсан.

Сэргээгдэх эрчим хүчний тал дээр 2016 онд Монгол Улсын анхны том чадлын нарны цахилгаан станц болох Дархан-Уул аймгийн 10 МВт-ын “Нар” нарны цахилгаан станцын зураг төсөл, төслийн менежментийг Японы Sharp корпорацтай хамтран амжилттай хэрэгжүүлснээс хойш Монгол Улсад хэрэгжсэн том чадлын нарны цахилгаан станцын төслүүдийн 70 гаруй хувьд тодорхой хэмжээнд оролцож ажилласан туршлагатай.

Өнөөдөр эрчим хүчний салбар эрс өөрчлөгдөж байна. Сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуур, дижитал дэд станц, IEC 61850, SCADA/EMS, хил дамнасан эрчим хүчний холболт зэрэг технологиуд нэг системд улам ихээр нэгдэж байна. Тиймээс бидний дараагийн зорилго бол зөвхөн зураг төсөл боловсруулдаг компани хэвээр үлдэх биш. Монголын эрчим хүчний томоохон төслүүдийн инженерийн шийдлийг эхнээс нь тодорхойлж, олон улсын түншүүдтэй ижил түвшинд ажилладаг үндэсний инженеринг, зөвлөх үйлчилгээний компани болон хөгжих нь бидний урт хугацааны зорилго юм.

“Зэс-Оюу” төсөл бол энэ чиглэлд бидний хуримтлуулсан инженерийн чадавхыг бодит бүтээн байгуулалтаар харуулсан ажлуудын нэг гэж үзэж байна