- Аукцион бол хувийн хэвшлүүдийг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч болгох эхлэл -
Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион болж, таван төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг амжилттай сонгон шалгаруулсан билээ. Энэхүү үйл явдал нь эрчим хүчний салбарт тодоор тэмдэглэгдэх түүхийн хуудсыг нээж, тэр дундаа дотоодын компаниудад орон зай байгааг харуулсан юм. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Ариунболдтой "Энержи Инсайт"-ын Д.Намуунцэцэг ярилцлаа.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд төсөл хэрэгжүүлэгчдийг амжилттай сонгон шалгарууллаа. Тэгвэл энэхүү аукцион нь хувийн хэвшилд ямар боломжуудыг нээж байгаа гэж Та харж байна вэ?
Энэ аукцион хамгийн түрүүнд хувийн хэвшилд эрчим хүчний салбарт илүү бодитоор, илүү том түвшинд оролцох боломжийг нээж өгч байна. Өмнө нь эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүдийг төрөөс гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг байсан. Харин энэ удаа хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник технологийн шийдэл, хэрэгжүүлэх чадавхаараа өрсөлдөж, оролцсон юм.
Өөрөөр хэлбэл компаниуд зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралт хийх түвшинд бус, өөрсдөө хөрөнгө оруулж, эх үүсвэр барьж, үйлдвэрлэсэн цахилгаанаа урт хугацаанд нийлүүлэх бизнесийн загварт шилжиж байна. Энэ бол хувийн хэвшлийн хувьд шинэ зах зээл, шинэ боломж юм.
Мөн энэ аукционы нэг чухал мессеж бол “эрчим хүчний салбарт оролцох боломж зөвхөн том, гадаадын компаниудад биш, бэлтгэлтэй, санхүүгийн болон техникийн чадавхтай дотоодын компаниудад ч нээлттэй” гэдгийг харууллаа. Энэ удаагийн шалгаруулалтад Монгол компаниуд дангаараа болон гадаадын түншүүдтэй хамтран оролцсон нь цаашид манай хувийн хэвшил сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү идэвхтэй оролцох боломжтойг харуулж байна.
Нөгөө талаас энэ бол зөвхөн нарны цахилгаан станц барих тухай асуудал биш. Нарны цахилгаан станцыг батарей хуримтлууртай хамтад нь хэрэгжүүлж байгаа учраас компаниудад инженерчлэл, эрчим хүч хадгалалт, ухаалаг удирдлага, ашиглалт засвар үйлчилгээ зэрэг шинэ чиглэлүүдээр бизнесээ хөгжүүлэх боломжийг бий болгож байна.
Цаашдаа ийм төрлийн аукцион тогтмол зохион байгуулагдвал хувийн хэвшил төсөл хөгжүүлэлтээ эртнээс бэлтгэдэг, санхүүжилтээ босгодог, олон улсын түншлэл байгуулдаг, технологийн шийдлээ сайжруулдаг илүү төлөвшсөн зах зээл бий болно. Товчхондоо, энэ аукцион хувийн хэвшлийг эрчим хүчний салбарын “оролцогч” биш, харин бодит хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч болгох эхлэл гэж харж байна.
Зарчмын хувьд аукцион бол салбарын ил тод байдал, өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах маш чухал алхам юм.
Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг аукционоор сонгон шалгаруулах нь эрчим хүчний салбарт, хэрэглэгчид болон компаниудад ямар давуу талтай вэ?
Аукционы хамгийн том давуу тал нь үнэ бодитоор, өрсөлдөөнөөр тогтдогт оршиж байна. Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн үнэ ихэвчлэн тогтоосон тариф эсвэл хэлэлцээрийн хүрээнд шийдэгддэг байсан бол аукцион дээр компаниуд өөрсдийн хамгийн боломжит үнийг санал болгож өрсөлддөг. Ингэснээр төр, худалдан авагч тал, хэрэглэгчид илүү боломжийн үнээр цахилгаан авах нөхцөл бүрдэнэ.
Энэ удаагийн аукционы үр дүнгээр таван төслийн жигнэсэн дундаж үнэ 5.98 ам.цент/кВт.цаг болж тогтсон. Хэрэв дээд үнэ болох 10 ам.цент/кВт.цагаар тооцсон бол жилд 36.1 сая ам.долларын төлбөр гарахаар байсан бол аукционы үр дүнгээр энэ төлбөр 21.6 сая ам.доллар болж буурах тооцоо гарсан. Энэ нь жил бүр ойролцоогоор 14.5 сая ам.доллар буюу 52 тэрбум төгрөгийн нэмэлт зардлаас сэргийлэх боломжтой гэсэн үг.
Салбарын хувьд давуу тал нь шинэ эх үүсвэрийг улсын төсөвт шууд дарамт үүсгэхгүйгээр нэмэгдүүлэх боломж юм. Өнөөдөр манай эрчим хүчний системд шинэ эх үүсвэр, ялангуяа өвлийн оргил ачааллыг давах хүчин чадал маш хэрэгтэй байгаа. Үүнийг зөвхөн төрийн хөрөнгөөр хийхэд цаг хугацаа, санхүүгийн боломж хязгаарлагдмал. Харин бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийн загвар нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, эх үүсвэрийг илүү хурдан нэмэгдүүлэх боломжийг олгодог.
Хэрэглэгчийн хувьд энэ нь хоёр гол ач холбогдолтой. Нэгдүгээрт, цахилгааны үнийг аль болох бага зардлаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал сайжирна. Нарны станцыг батарей хуримтлууртай хослуулж байгаа учраас өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгааныг хуримтлуулж, оройн оргил ачааллын үед нийлүүлэх боломж бий болно.
Компаниудын хувьд давуу тал нь дүрэм нь илүү тодорхой, өрсөлдөөн нь илүү шударга болж байгаа явдал. Хэн илүү сайн үнэ, илүү сайн санхүүжилт, илүү найдвартай техникийн шийдэл, илүү богино хэрэгжүүлэх хугацаа санал болгож чадна, тэр компани шалгарах боломжтой. Энэ нь компаниудыг өөрсдөө илүү үр ашигтай, илүү хариуцлагатай ажиллахад хүргэдэг.
Мэдээж аукционоор бүх асуудлыг автоматаар шийдэх боломжгүй. Ялагч компаниуд үнэхээр санал болгосон үнээрээ төслөө хэрэгжүүлж чадах эсэх, санхүүжилтээ хааж чадах эсэх, тоног төхөөрөмжийн чанараа хадгалж чадах эсэхийг цаашид хэрэгжилтийн шатанд сайн хянах шаардлагатай. Гэхдээ зарчмын хувьд аукцион бол салбарын ил тод байдал, өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах маш чухал алхам юм.
Миний хувьд энэ үр дүнг “дотоодын компаниудын чадавх өсөж байна” гэдгийг харуулсан чухал үзүүлэлт гэж харж байна.
Нийт таван төслөөс гурав нь Монгол компани шалгарлаа. Салбарын зарим мэргэжилтнүүд Хятад компаниуд голчлон ялах байх гэсэн таамаглалтай байсан. Таны хувьд ямар хүлээлттэй байсан бэ? Мөн үүний үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?
Үнэндээ салбарын дотор гадаадын компаниуд, ялангуяа Хятадын компаниуд илүү давамгай оролцох байх гэсэн хүлээлт байсан. Энэ нь ч ойлгомжтой. Нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын тоног төхөөрөмж, нийлүүлэлтийн сүлжээ, EPC туршлага, үнэ өртгийн хувьд Хятадын компаниуд олон улсын зах зээл дээр маш хүчтэй байр суурьтай.
Гэхдээ бодит үр дүн арай өөр, бас илүү сонирхолтой гарлаа. Нийт таван төслөөс гуравт нь Монгол компани дангаараа шалгарсан. Энэ нь манай дотоодын компаниуд сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөлд зөвхөн туслан гүйцэтгэгчээр бус, өөрсдөө төсөл хэрэгжүүлэгчийн түвшинд өрсөлдөх боломжтой болсныг харуулж байна.
Энэ үр дүнг эергээр харж байгаа. Учир нь Монголын компаниудын оролцоо нэмэгдэнэ гэдэг нь зөвхөн тухайн нэг компанийн асуудал биш. Дотоодын инженерүүд, барилга угсралтын компаниуд, ханган нийлүүлэгчид, ашиглалт засвар үйлчилгээ, орон нутгийн ажлын байр, татварын орлого гээд олон талын үр өгөөжтэй.
Нөгөө талаас гадаадын компаниудыг хасах, эсвэл дотоодын компаниудыг дангаар нь дэмжих тухай асуудал биш. Сэргээгдэх эрчим хүчний салбар өөрөө олон улсын технологи, санхүүжилт, тоног төхөөрөмжийн сүлжээтэй салбар. Тиймээс хамгийн зөв хувилбар бол Монголын компаниуд төслийн эзэмшил, хэрэгжилт, орон нутгийн зохион байгуулалт дээрээ илүү хүчтэй оролцож, гадаадын компаниудтай технологи, тоног төхөөрөмж, санхүүжилт, инженерчлэлийн чиглэлээр хамтран ажиллах явдал юм.
Энэ удаагийн аукционоос харахад ийм загвар эхэлж байна. Зарим төсөлд Монгол компани дангаараа шалгарсан, заримд нь гадаадын компанитай түншлэлээр шалгарсан. Энэ нь зах зээлд зөв дохио өгч байна. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд ч өрсөлдөж чадна, гадаадын компаниуд ч орж ирж болно, гол нь бүгд нэг дүрмээр, нэг шалгуураар өрсөлдөнө гэсэн үг.
Миний хувьд энэ үр дүнг “дотоодын компаниудын чадавх өсөж байна” гэдгийг харуулсан чухал үзүүлэлт гэж харж байна. Гэхдээ одоо хамгийн чухал нь ялсан эсэхээс илүү эдгээр компаниуд төслөө хугацаанд нь, чанартай, санал болгосон үнээрээ хэрэгжүүлж чадах эсэх юм. Аукционы бодит амжилт барилга угсралт дуусаж, станцууд сүлжээнд цахилгаанаа нийлүүлж эхлэх үед л бүрэн батлагдана.

Сэргээгдэх эрчим хүчний 5 төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг аукционоор сонгон шалгаруулж буй үйл явц (2026.06.18)
Эрчим хүчний сайдын зүгээс цаашдаа СЭХ-ний төслүүдийг аукционоор сонгон шалгаруулаад явахаа илэрхийлсэн. Энэ нь хэр зөв бэ? Давуу болон сул талыг юу гэж харж байгаа вэ?
Миний хувьд энэ бол зөв чиглэл гэж харж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг цаашид аукционоор сонгон шалгаруулах нь үнийг ил тод тогтоох, хөрөнгө оруулалт татах, компаниудыг шударга өрсөлдүүлэх, хэрэглэгчийн зардлыг хэт өсгөхгүй байх хамгийн боломжит арга замуудын нэг.
Монгол Улсад шинэ эх үүсвэрийн хэрэгцээ маш өндөр байна. Гэхдээ бүх төслийг улсын төсвөөр барих боломж байхгүй. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Харин хувийн хөрөнгө оруулалт татна гээд цахилгааныг өндөр үнээр худалдаж авах нь хэрэглэгч, салбарын санхүү, эдийн засагт дарамт болно. Тиймээс хөрөнгө оруулалтыг татах, гэхдээ үнийг өрсөлдөөнөөр аль болох боломжийн түвшинд барих энэ тэнцвэрийг аукцион хангаж чадна.
Давуу тал нь тодорхой. Үнэ ил тод тогтоно. Оролцогчид ижил нөхцөлөөр өрсөлдөнө. Төрийн шийдвэр гаргалт илүү ойлгомжтой болно. Компаниуд илүү сайн санхүүжилт, илүү үр ашигтай технологи, илүү оновчтой инженерийн шийдэл хайх шаардлагатай болно. Үүний эцэст хэрэглэгч, худалдан авагч тал, салбар бүхэлдээ хожно.
Гэхдээ аукцион явуулна гэдэг нь зөвхөн “хамгийн бага үнэ хэлсэн компанийг сонгоно” гэсэн үг биш. Хэрэв зөв зохион байгуулахгүй бол эрсдэл бас бий. Зарим компани ялахын тулд хэт бага үнэ санал болгоод, дараа нь төслөө санхүүжүүлж чадахгүй байх эрсдэлтэй. Эсвэл тоног төхөөрөмжийн чанар, батарей хуримтлуурын үзүүлэлт, ашиглалтын найдвартай байдлыг бууруулах эрсдэл гарч болно. Мөн сүлжээний холболт, газар, зөвшөөрөл, санхүүжилт, валютын ханш зэрэг асуудлуудыг урьдчилан сайн тооцохгүй бол аукционоор шалгарсан төсөл хэрэгжилт дээрээ гацах магадлалтай.
Тиймээс цаашдын аукционуудыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Зөвхөн бага үнэ биш, санхүүгийн чадавх, техникийн шийдэл, батарей хуримтлуурын чанар, сүлжээнд үзүүлэх үйлчилгээ, ашиглалтад орох хугацаа, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний хариуцлагыг хамтад нь хардаг байх шаардлагатай.
Мөн аукцион зарлахаас өмнө газрыг тодорхой болгосон, сүлжээний холболтын нөхцөлийг урьдчилан тооцсон, PPA буюу цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний нөхцөл банк, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, эрсдэлийн хуваарилалт нь тэнцвэртэй байх хэрэгтэй. Ингэж байж аукцион зөвхөн хямд үнэ гаргаад зогсохгүй, бодитоор хэрэгждэг төслийн сонгодог механизм болно.
Ерөнхийдөө энэ удаагийн аукцион бол Монголын эрчим хүчний салбарт шинэ жишиг тогтоосон эхний алхам. Цаашид энэ туршлага дээрээ үндэслээд илүү тогтвортой, илүү ил тод, илүү өрсөлдөөнтэй аукционы тогтолцоог бий болгох нь зөв гэж үзэж байна.
Ярилцсанд баярлалаа.
