E-Sight
Ярилцлага

Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй эрчим хүчний сэндбокс туршилт

2026-03-03 14:10
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Нэгдүгээр сарын 26-ны “Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр”-өөр Чингэлтэй дүүрэг гэр хороололд агаарын чанар хэмжигч 30 ширхэг төхөөрөмж шинээр суурилуулж олон улсын сүлжээнд холбоод байна. Ингэснээр эхний ээлжинд одоо хэрэгжиж буй эрчим хүчний чиглэлийн ажлуудаа үнэлж дүгнэх боломжтой болно гэж дүүргийн Засаг дарга Н.Мандуул ярив. Чингэлтэй дүүрэг гэр хороололд тусгай бүс зарлаж сэндбокс (sandbox) байдлаар тархмал эх үүсвэрийн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд айл өрхүүдэд нарны хавтан суурилуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бол дулаан агаарын насос нэвтрүүлж, цаашлаад пассив барилгын жишиг хороолол байгуулахыг зорьж байна. Эдгээрийн талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай Энержи Инсайтын Э.Оджаргал ярилцлаа.

ЯМАР Ч ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙШИН ДУЛААН АЛДАГДАЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажил лаж байх үед тань Бөөрөлжүүтийн станцын I блок, Багануурын батарей хуримт луурын станц гээд эрчим хүчний хоёр ч том төсөл хэрэгжсэн. Тэдгээрээс яриагаа эхэлье?

Би 2024 оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн Засаг даргын ажлаа авсан. Үүнээс өмнө хагас жил орчим Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа гадаад, дотоод хөрөнгө босгоход төвлөрч, энэ хүрээнд 3 ажил шийдвэрлээд дүүрэгт ирсэн. Эхнийх нь, Нийслэл анх удаа дотоодод бонд гаргаж, тухайн хөрөнгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт блокийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн. Ингэхдээ, станцаас цахилгаан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлж, бондын мөнгийг төлөх гэрээ байгуулсан юм. Манай улс эрчим хүчний ихээхэн дутагдалтай энэ үед шинэ эх үүсвэр байгуулах энэхүү төслийг төлбөрийн эрсдэл бараг байхгүйгээр хөрөнгө, санхүүжилтийг нь Нийслэлээс зохицуулсан. Дараагийн ажил нь Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-аас босгосон 80 гаруй сая ам.долларын санхүүжилтээр Багануур дүүрэгт 50 МВт чадлын батарей хуримтлуурын станц байгуулах төсөл. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Энвижн Энержи”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Монхорус Интернэшнл” компаниуд ажилласан. Бараг л дэлхийд хамгийн богино хугацаанд хэрэгжсэн төсөлд тооцогддог. Гурав дахь ажил нь одоо хэрэгжиж байгаа Сэлбэ дэд төв. Улаанбаатар хот анх удаа олон улсад бонд арилжаалан 500 сая ам.долларын хөрөнгө босгож, тэрхүү хөрөнгийг Сэлбийн бүтээн байгуулалтад зарцуулж байна.

Та эрчим хүчний дутагдалтай байдлын шийдлийг хэрхэн харж байна вэ?

Манай хот хоёр том зовлонтой. Нэгд, агаарын бохирдол. Хоёрт, авто замын түгжрэл. Аль аль нь дэд бүтцийн сул хөгжлөөс үүдэлтэй. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих нь зөв ч дангаараа хангалтгүй. Үр ашиг, хэмнэлтийг хамтад нь ярих ёстой.

Чингэлтэй дүүрэгт утааг бууруулах цэвэр эрчим хүчний төслүүдийн ажил юунаас эхэлсэн бэ?

Дүүрэгт ирээд эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр юу хийж болох талаар нэлээд судалсан. Агаарын бохирдлын 50 орчим хувийг гэр хороолол үүсгэж байна. Чингэлтэй дүүрэг нэг онцлогтой. Дэнжийн мянга, Хайлааст гээд хойшоо гэр хороолол ихтэй. Дэд бүтэц татагдаагүй учир хойд тал руугаа гэр хороолол тэлсэн. Утааг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас хийсэн маш олон судалгаа байдаг юм билээ. Олон улсын байгууллагаас эхлээд ТББ-ууд, оролцож хэрэгжүүлж байсан хувийн хэвшлийнхэн гээд бүгдтэй нь тойрч уулзсан. Бид эрчим хүчийг зөвхөн эх үүсвэр талаас нь ярьж ирсэн юм билээ. Нүүрсийг өөр түлшээр солих, зуух яндан буулгахад л анхаарсаар байна. Гэтэл зоосны нөгөө тал шиг гэдэг эрчим хүчний хэмнэлтийг нь орхигдуулчихсан. Тиймээс манай дүүрэг эхлээд дулаан хэмжих багаж, төхөөрөмжийг судалж, мэргэжилтнүүдээ сургасны үндсэн дээр гэр хорооллын 1000 орчим айлаар явж бодит хэмжилт хийсэн. 90 орчим хувь нь их, бага хэмжээгээр дулаан алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, “цоорхой шанага” шиг байшинг хэчнээн нүүрс түлж, халаагаад нэмэргүй. Иймээс айлуудын байшин, гэрийг дулааны алдагдалгүй болгохоос ажлаа эхэлсэн. Мэдээж амар ажил биш. Айлын гэр орноор орж, олон янзын хүмүүстэй харилцана. Дүүргийн ажилтнуудад ч өмнөх ийм туршлага байгаагүй. Нөгөө талаар, гэр хорооллын бүх байшин, гэрийг буулгаад орон сууцжуулна гэдэг хэт хийсвэр зүйл. Иргэдэд худлаа хүлээлт үүсгэхээс илүүтэй одоо байгаа байшингуудыг тодорхой стандартын дагуу дулаалж, утааны асуудлыг шат дараатайгаар шийдээд явах нь зөв гэж үзсэн. Системтэй ажиллая гэсэн хэрэг. Туршлага, мэдлэг дутмаг учраас энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтарч, дүүргийн ажилтнуудаа сургалтад хамруулсан. Ингээд дүүргээс хөрөнгө гарган 2025 оны хавар гэр хорооллын 100 орчим айлыг дулаалж чадсан. Мэдээж, ажлын явцад олон янзын бэрхшээлтэй нүүр тулсан. Хүндрэл гарах бүрд шийдэл хайж, алхам алхмаар шийдэл гаргалгаа гарган ажиллаж байна.

Дулаалгын ажил дээр жишээлэхэд ямар хүндрэл тулгарч байв?

Жишээ нь, дулаалгын хөөсөнцөр гэхэд олон төрөл. “Огт шатдаггүй” материал гэж байдаггүй, харин гал дэмждэггүй гэж байдгийг ажлын явцад л мэдсэн. Монголд импортоор орж ирсэн, гал дэмждэггүй гэсэн зарим хөөсөнцөр чанарын хувьд “хулхи” байх тохиолдол ч байна. Иймээс бид Хятадын хөөсөнцрийн үйлдвэрүүдээр өөрсдөө явж, технологи, стандарттай нь танилцаж судалгаа хийсэн. Өөр нэг том асуудал нь айлуудын цахилгааны монтаж байсан. Ихэнх айл цахилгааны утсаа мэргэжлийн бус аргаар, өөрсдөө татсан байна. Ханын цаадах далд утаснуудаас гал гарах эрсдэлтэй гэсэн үг. Дулаан алдагдлын төхөөрөмж хүний нүдэнд үл харагдах, хананы цаана масстай, халж улайссан цахилгааны утсыг илрүүлдэг юм байна. Ийм нөхцөлтэй айлыг хөөсөнцрөөр дулаалчихвал цахилгааны утаснаас гал гарах, улмаар байшин шатах аюултай. Энэ бүхнээс нэг зүйл тодорхой харагдсан. Гарын дүйтэй хүн бүр хөөсөнцөр наагаад дулаалга хийж болдоггүй юм байна. Гэр хорооллын ихэнх айл байшингаа өөрсдөө барьсан байдаг учраас ханын догол, тэгш бус хэлбэр ихтэй. Догол бүрийг сайтар битүүлж, завсар үлдээлгүй дулаалахгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Үүнээс шалтгаалаад мэргэжлийн барилгын бригад бэлтгэх шаардлага ч тулгарсан. Ингэж алхам бүрдээ туршлага хуримтлуулж, гарч ирсэн асуудал бүрийг тэмдэглэн, бодит ажилд суурилсан гарын авлага боловсруулсан. Энэ хавар дахин гэр хорооллын айлуудаар явж, дулаан алдагдлын хэмжилт хийнэ. Бид богино хугацаанд олон айлыг дулаалах боломжтой загвар гаргах гэж үзээд байгаа юм. Энэ нь зөвхөн Чингэлтэй дүүргийн 100 айлын асуудал биш юм. Цаашлаад Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айлд хэрэгжүүлэх боломжтой аргачлалын асуудал.

Гэр хорооллын айлуудын хэрэглээнд нэвтрүүлж буй хий, хагас коксын, нарны эрчим хүчний төслүүдийг хооронд нь яаж уялдуулж байгаа вэ?

Ямар ч технологи нэвтрүүлсэн бай, хамгийн түрүүнд байшин дулаан алдагдалгүй байх ёстой. Үгүй бол ямар ч шийдэл үр дүнгүй. Нийслэлээс хагас кокс болон хий (газ) гэсэн хоёр төрлийн хэрэглээнд шилжүүлэх, туршилтаар 5000 айлд хий нэвтрүүлэх чиглэл гарч байна. Үүний 4000-ийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлнэ. Ер нь хий, хагас коксын түлш, нарны хавтан ялгаагүй эдгээр шийдлийг заавал дулаалгын ажилтай хослуулж хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Бидний зүгээс 4000 айлын дулаалгын ажлаа дууссан. Хий рүү шилжүүлэх гэтэл нэг хүндрэл гарч ирсэн. Өмнө нь нүүрс борлуулдаг байсан цэгүүдийг хий түгээхэд ашиглах боломжгүй байсан. Учир нь хий аюулгүй байдлын өндөр стандарт шаарддаг тул борлуулах цэгийг шинээр байгуулах хэрэгтэй болсон. Одоо нийслэлээс хэрэгжүүлж буй хий түгээх цэгүүдийг ашиглалтад орохыг хүлээж байна. Тооцооллоор нэг цэг ойр орчмын 500 айлыг хангах боломжтой. Чингэлтэй дүүргийн хэмжээнд хийн түлш борлуулах 24 цэг ашиглалтад орохоос одоо 10 цэг иргэдэд үйлчилж байна. Үүнтэй уялдуулан бид хий түгээх цэг ашиглалтад орох хугацаанд ойр орчмын айлуудад хийн зуух, халаагуур суурилуулах ажлыг давхар хийж байна. Дэд бүтцийн суурийг зөв тавьж чадвал урт хугацаандаа эдийн засгийн хувьд ч, айл өрхийн зардлын хувьд ч бодит хэмнэлт бий болох юм билээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН 1000 АЙЛД НАРНЫ ХАВТАН СУУРИЛУУЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН

Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айлуудад нарны хавтан суурилуулах ажил эрчимтэй хийгдэж байна? Энэ ажлын үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

Дүүргийн Засаг даргын ажлыг авмагцаа Монгол дахь НҮБ-ын төсөл хөтөлбөрийнхөнтэй уулзсан. Тус байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс өмнөх жилд нь нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 60 гаруй айлд нарны хавтан суурилуулаад, үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байсан. Тэр айлуудаар өөрийн биеэр очиж, нарны эрчим хүчний эх үүсвэрийн технологи хэрхэн ажиллаж байгаатай танилцаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эхлүүлсэн энэ ажлыг Чингэлтэй дүүрэг дээр туршин өргөжүүлэх санал тавьсан юм. Олон улсын санхүүжилт татахад тухайн арга хэмжээ, хөтөлбөрийг төр, засаг бодлогоор дэмжиж байгаа эсэхийг нэн түрүүнд хардаг. Тиймээс Чингэлтэй дүүрэг өөрийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарган эхний ээлжинд 90 гаруй айлд нарны хавтан суурилуулсан. Үүний үр дүнд 2025 оны сүүлээр олон улсын байгууллагаас, тодруулбал БНХАУ-ын Хөгжлийн агентлагаас 2.5 сая ам.долларын санхүүжилтийг уг төсөлд татаж чадсан. Санхүүжилт бүрэн шийдэгдсэн тул энэ онд шинээр 500 айлд нарны хавтан суурилуулах ажил эхлээд байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэр хорооллын бараг 1000 айлд нарны хавтан суурилуулах боломж бүрдсэн. Энэ нь зөвхөн нарны хавтан айлуудаар “тарааж” байгаа ажил биш. Хоёр тодорхой зорилгыг агуулж байгаа. Нэгд, айл өрхийн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг төвийн сүлжээнд худалдах боломжийг бодитоор бүрдүүлэх. Хоёрт, олон улсын карбон зах зээлд карбон кредитээ борлуулж, нэмэлт орлого олох суурийг тавих. Энэ чиглэлд 2025 оны сүүлээр УИХ-аас холбогдох тогтоол гарч, уг тогтоолын хэрэгжилт дээр УИХ-ын дарга Н.Учрал ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт одоогоор нарны хавтан суурилуулсан 90 айлыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбоод байна. Холбогдсон хэд хэдэн айлд очиж, бодит үр дүнг харлаа. 2026 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар нэг айл өдөрт дунджаар 2000 орчим төгрөгийн сэргээгдэх эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлээд байна. Өвлийн улиралд шүү дээ. Урин дулаан цагт үйлдвэрлэл нэмэгдэнэ. Одоо энэ механизмыг олон улсын карбон кредитийн зах зээлтэй уялдуулах боломжийг судалж байна. Хэрэв энэ хоёр зорилт бүрэн хэрэгжвэл төсөл өөрөө орлого олдог, санхүүгийн хувьд бие даасан, цаашид өргөжих бүрэн боломжтой загвар болно. Чингэлтэй дүүрэг дээр өнөөдөр туршиж буй энэ шийдэл алдаа, оноогоо бодитоор дүгнэж, өөрийн гэсэн тогтолцоотой загвар гарган, цаашлаад нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлээд явах боломжтой юм.

Гэр хороолын зарим айлуудад туршилтаар дулааны насос нэвтрүүлсэн нь ямар үр дүнтэй байгаа вэ? Айлууд ямар сэтгэгдэлтэй байна?

Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1 хувь хүртэл дүнгээр татвараас хөнгөлөгдөх зохицуулалт бий. Үүнд агаарын бохирдлыг бууруулах чиглэл багтаж байгаа. Холбогдох журам нь 2025 онд батлагдаж, бодитоор хэрэгжиж эхэлсэн нь утаа бууруулах ажилд санхүүгийн шинэ боломж нээж байгаа. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалтыг ашиглан Голомт банкны санхүүжилтээр heat pump буюу дулаан агаарын урсгалын насосыг 300 айлд суурилуулаад байна. Айлуудын зүгээс “өвлийг маш тухтай давлаа” гэсэн сэтгэгдлүүд ирж байгаа. Энэ нь манай нөхцөлд тохирсон технологи болохыг харуулж байна. Мөн ерөнхий боловсролын хоёр ч сургуулийн халаалтын уурын зуухыг хийн зуухаар сольсон. Ерөнхийдөө утаа бууруулах чиглэлд эрчим хүчний өөр өөр технологиудыг аль нь бодит амьдралд илүү тохирох вэ гэдгийг манай дүүрэг бодитой туршиж байна. Эдгээр ажлуудад тулгуурлан санхүүгийн хувьд өөрөө ажилладаг, тогтвортой загвар гаргаж чадвал түүгээр нийслэлийн гэр хорооллын айлуудын эрчим хүчний асуудлыг илүү өргөн хүрээнд шийдэх боломжтой. Дан ганц сэргээгдэх эрчим хүчээр хязгаарлахгүйгээр heat pump зэрэг технологиудтай хослуулах нь сонголтыг улам нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, технологиудыг хослуулах нь чухал байна.

Эдгээр шийдлийг хэрэгжүүлэхэд айл өрхүүдэд санхүүгийн асуудал тулгарна. Цэвэр эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, “ногоон” зээл гэх мэт ямар шийдлүүд байна вэ?

Бидний дараагийн чухал зорилт бол эдгээр төслийн санхүүгийн шийдэл. Төрөөс татаас өгдөг, эсвэл төсөл хөтөлбөр хөөцөлддөг загвараас татгалзаж, зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих ёстой. Эцсийн зорилго нь айл өрхүүд төр, төсөл, төвийн сүлжээнээс үл хамааран, хол ойроос шалтгаалахгүй өөрсдөө эрчим хүчний хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлэх. Ийм загварыг бий болгохын төлөө бид одоо ажиллаж байна. 

Чингэлтэй дүүрэгт пассив барилгын жишиг хотхон байгуулах зорилго байгаа юм байна?

Манай дүүрэг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран пассив барилгын жишиг хотхон байгуулах зорилт тавьсан. Санаа нь энгийн. Дүүрэг газрыг нь чөлөөлж өгнө, харин хувийн хэвшил, ТББ-ууд хөрөнгө босгон барилга барина. Үүний дараа орлогоосоо газар чөлөөлөлтийн зардлыг нөхөн авч, дараагийн айлуудын газрыг шат дараатайгаар чөлөөлөх гэсэн системтэй. Төр барилга барина гэвэл зардал, хугацаа, үр ашиг гээд олон эрсдэл дагуулдаг. Харин хувийн хэвшлийнхэн зах зээлийн зарчмаараа барьж, борлуулалтаасаа зардлаа нөхөх нь илүү бодитой. Дүүрэг бол энэ процесст зохицуулагч, дэмжигчийн үүрэг гүйцэтгэнэ.

Пассив барилгын технологи манай нөхцөлд хэр тохиромжтой бол?

Пассив барилгын технологи харьцангуй шинэ. Гэхдээ Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй дулаалга, хэмнэлтийн ажлууд өөрөө пассив барилгын суурь туршлага болж байна. Бид хоосон санаа биш бодитоор хуримтлуулсан мэдлэгт тулгуурлана. Пассив барилгыг дундаж гэр бүл ипотекийн зээлээр байр авахтай адил, гэхдээ илүү хямд, өрхийн орлогод нийцсэн загвараар шийдэхийг зорьж байна. Ингэж чадвал зөвхөн нэг хотхон барих биш, орон сууцжуулалтын бодит загвар болж чадна. Мэдээж, технологи, хууль эрх зүй, санхүү гэсэн гурван том асуудлыг нэг дор уялдуулах шаардлагатай. Аль нэг нь доголдвол нөгөө хоёр нь урагшлахгүй. Шийдэх олон асуудал бий. Гэхдээ бодлого, технологи, зах зээлийг нэг дор уулзуулж чадвал маш сонирхолтой, цаашлаад давтагдах боломжтой загвар болно гэж харж байна.

Орон сууцжуулалтын тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Улаанбаатар хотод Сэлбийн хороолол баригдаж байна. Нийт 150 орчим га газрыг чөлөөлсөн, үүний тал нь Чингэлтэйд хамаарч байгаа. Энд 9-12 давхар блок байшингууд баригдана. Хотын хувьд шинэ загварын жишиг хороолол болно. Гэхдээ бодит байдал дээр Улаанбаатар хот бүхэлдээ орон сууцны барилгатай болно гэвэл дэд бүтцийн боломжгүй. Үүнд маш олон жил шаардагдана. Хотын хөгжлийг олон давхар байшингаас бүрдүүлэх нь бодит амьдралаас хол шийдэл. Мэдээж, тодорхой хэсэг нь орон сууцанд орно. Харин нөгөө талдаа хувийн сууцандаа амьдрах загварыг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн суурь асуудал нь эрчим хүч. Бусдаас хараат бусаар бие даан эрчим хүчээ шийддэг болчихвол цахилгаан, дулаан, цэвэр бохирын асуудал шийдэгдэх боломжтой. Гол асуулт нь яаж өртөг багатай, санхүүгийн зах зээлтэй уялдуулж хийх вэ гэдэг юм. Тэгэхдээ банканд ч, хувь хүндээ ч ашигтай байх ёстой. Аль нэг талдаа дарамтгүй, хоёуланд нь ашигтай загвар хэрэгтэй. Одоо олон янзын төсөл, технологиуд хэрэгжиж байгаа ч тус бүрдээ өөрийн гэсэн загвар, шийдэлтэй болох ёстой.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЦААГ СЭНДБОКС ИЛРҮҮЛНЭ

Чингэлтэй дүүрэгт олон ажил туршигдаж байна. “Туршилт” гэхээр иргэд болгоомжлон хүлээж авч байх шиг байна?

Тийм тал бий. Гэтэл бид судалгаагүйгээр шууд хэрэгжүүлээд байгаа юм биш. Технологийг эхлээд шалгаж, тухайн шийдэл -40 хэм хүрдэг Улаанбаатарын өвөл, гэр хорооллын бодит амьдралд тохирч байна уу гэдгийг газар дээр нь бодитоор хийж үзэж байна. Болж байвал дараагийн шатанд үнэ өртгийг яаж бага байлгах, санхүүжилттэй хэрхэн холбох асуудал яригдана. Үнэхээр шийдлээ олчихвол багц бүтээгдэхүүн шиг болгоод бусад дүүрэг, нийслэл хот, цаашлаад аймаг орон нутагт ч ажилладаг загвар болгох зорилготой.

Чингэлтэй дүүрэг сэндбокс орчин бий болгохоор зарласан. Энэ нь ямар зорилго, ач холбогдолтой вэ?

Чингэлтэй дүүрэгт суурь нөхцөл нь бэлтгэгдсэн. Тиймээс сэндбокс буюу тусгай бүс болгон, эрчим хүчний чиглэлээр энд тэнд тусдаа хэрэгжиж байгаа, дангаар ажилладаггүй загваруудыг нэг дор “дэлгэж тавиад” ямар асуудлыг шийдэж байна, хаанаа гацаж байгааг бодитоор харъя гэсэн юм. Ингэж нэг дороос харахад хаана ямар гацаа үүсэж байна, дүрэм журам бодит байдалд нийцэж байна уу, эсвэл ямар үндэслэлээр ийм журам үйлчилж байгааг эхнээс нь хөөгөөд үзэж байна. Бодит жишээ хэлэхэд, айл өрх сэргээгдэх эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх гэрээ байгуулах гэж 6 сараас бүтэн нэг жил хөөцөлдөх тохиолдол байна. Энэ хугацаа яагаад ингэж урт байгаа, бодит техникийн бэрхшээл үү, эсвэл шалтгаан биш шалтаг уу гэдгийг сэндбокс орчинд ялгаж харах юм. Одоогоор нарны хавтан суурилуулсан 90 айлыг сэндбокс байдлаар төвийн сүлжээнд холбож, гэрээг нь шууд хийлгэж байна. Одоогийн журмаар энэ айлууд гэрээ байгуулж чадахгүй. Системд бодит ачаалал өгөхгүй, цөөн айл учраас ингэж туршиж үзэж байна. Эдгээр айл сэргээгдэх эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх явцад ямар асуудал ямар шатанд яагаад үүсэж байгааг бодитоор тогтоох нь гол зорилго. Өөрөөр хэлбэл, цаасан дээрх журам бодит амьдралд яаж ажиллаж байгааг газар дээр нь шалгаж, учрыг нь олно. Сэндбокс орчны гол ач холбогдол нь энэ.

Цэвэр эрчим хүчний эдгээр төслийн үр дүнг юугаар хэмжих вэ?

Ерөнхийдөө эрчим хүчний төрөл бүрийн технологийн чиглэлээр ажлууд хэрэгжүүлж байна. Гэхдээ орхигдуулж болохгүй чухал зүйл бол үр дүн. Өнөөдөр нийгмээрээ утаа буурсан, буураагүй гэж хоёр талд хуваагдаад маргаж байна. Үр дүнтэй эсэхийг маргаанаар биш, бодит хэмжилтээр тогтооно. Манай дүүрэгт хэрэгжиж буй ажлууд үр дүн өгч байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлохын тулд хэмжилтийн сууриа бэлдэх шаардлагатай. Үүний тулд бид Швейцарын IQAir компанитай холбогдож, агаарын чанар хэмжих 30 төхөөрөмжийг гэр хорооллын тодорхой цэгүүдэд суурилууллаа. Төр иргэдээ удаан хугацаанд хуурч ирсний гор нь өнөөдөр иргэд төрдөө итгэхээ больсон явдал. Би Хятадаас нэг төхөөрөмж авчирч тавиад “агаарын чанар ийм байна” гээд мэдээлбэл хэн ч итгэхгүй. Тийм учраас судалж байгаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн төхөөрөмжийг сонгосон. Манай дүүрэгт өмнө хоёрхон төхөөрөмж байсан. Нэг нь Хайлаастад, нөгөө нь 5 буудалд. Гэтэл гэр хороололд хэдэн арван мянган айл амьдарч байна. Утааны гол золиос нь тэр хүмүүс. Тиймээс гэр хороололд амьдарч буй айлуудын агаарын чанарыг хэмжихгүй байж болохгүй. Эдгээр төхөөрөмжийн мэдээлэл дэлхийн сүлжээнд нээлттэй цацагдана. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаанаас ч хэн ч харж, бусад улс орны мэдээлэлтэй харьцуулж болно. Ингэснээр нийслэл, дүүрэг, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй олон ажлын нөлөө бодитоор харагдана.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТ ЦАХИЛГААНААР ДУЛААНАА ШИЙДСЭН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУДЫГ ХАМГИЙН ИХ ЗУТРААЖ БАЙНА

Цахилгааны үнийн нэмэгдэл гэр хорооллын айл өрхүүдэд хэрхэн тусаж байгаа бол?

Үнэ нэмэхдээ иргэдэд мэдээллийг зөв, ойлгомжтой өгч чадаагүй. Тарифыг өрхийн хэрэглээнээс хамаарч шатлалаар өсөх байдлаар тогтоосон ч тэр шатлалын хязгаар, логикийг иргэдэд урьдчилж тайлбарлаагүй. Үүний улмаас ямар ч мэдээлэлгүй байсан айлууд “торгуулчихлаа”, эсвэл “хулхидуулчихлаа” гэсэн мэдрэмж авсан. “Шатлалаар өсөх үнийн хязгаарыг яагаад урьдчилж хэлж өгөөгүй юм бэ?” гэсэн асуулт айлуудаас хамгийн их гарсан. Сарын эцэст хэд дахин нэмэгдсэн төлбөр ирэхэд айлууд цочирдсон. Яндан буулгая, утаа бууруулна гэж төр засаг мэдэгдэж байж, ямар ч бодит шийдэлгүйгээр цахилгааны төлбөрийг нэмсэн нь гэр хорооллын иргэдийг бухимдуулсан. Эрчим хүчний төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд ТЭЗҮ, санхүүгийн тооцоо талаасаа анхаарч цахилгааны үнэ тарифыг өсгөсөн. Цахилгааны үнэ өндөр байх тусам хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа багасна. Гэхдээ асуудал нь өөр. Шинэ эх үүсвэрүүд баригдаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд иргэд яах вэ? Маргаашийн өртгийг өнөөдөр айл өрхүүдэд “үүрүүлж” байж төслүүдийг ашигтай харагдуулах оновчтой шийдэл биш. Тариф өсгөх шийдвэр гаргасан хэр нь иргэд, өрхийн орлогыг хэрхэн хамгаалах вэ гэдэг бодлого харагдахгүй байна. “Хөрсөн дээр буугаагүй” шийдвэр ямар хор уршигтайг өмнөх туршлагууд хангалттай харууллаа. Эрчим хүчний салбарт алдагдал ихээхэн яригддаг ч үнэндээ үрэлгэн байдал маш их. Жишээ нь, 100 хувь үр ашигтай ажиллах ёстой зуух 60–70 хувийн үр ашигтай ажиллаад үлдсэнийг нь шууд хаяж байна. Дамжуулах шугамаар эрчим хүчний чадал унаж, хэрэглэгчид хүрэхдээ алдагддаг. Үүнийг нөхөхийн тулд дахин дэд станц, трансформатор барьдаг. Манай дүүрэгт нарны хавтан суурилуулаад төвийн сүлжээнд холбох гэтэл айлуудын гуравны хоёрынх нь утас, кабель чанарын шаардлага хангахгүй байгаа нь илэрсэн. Ихэнх нь өөрсдөө татаад, салаалсан, зэс биш утас ашигласан байдаг. Энэ нь шатах, гал гарах өндөр эрсдэлтэй. Ийм үрэлгэн, эрсдэлтэй байдлаа шийдээгүй байж шинэ эх үүсвэр барихыг цор ганц шийдэл гэж харж байна. Өнөөдөр гадаа -30 хэмийн хүйтэн энэ өдрүүдэд эрчим хүчний хязгаарлалтаас болж цахилгаанаар дулаанаа шийдсэн гэр хорооллын айлууд зутруу, хамгийн их хохирч байна. Тиймээс том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүд манлайлаад сэргээгдэх эрчим хүчний нарны хавтан суурилуулбал чамлахааргүй их эрчим хүч хэмнэх боломж байна.

Ярилцсанд баярлалаа.