E-Sight
Ярилцлага

Гэр хорооллыг хийн түлшинд шилжүүлэх нь СЭХ-нээс 2.5-5 дахин үнэтэй шийдэл

2026-02-12 13:02

Нүүрсээр ажилладаг уламжлалт станцуудын насжилт хуучирч, эх дэлхийд ээлтэй ногоон эрчим хүч олон улсад эрчтэй тэлж байна. Энэ чиглэлд Монгол Улс ч тодорхой ахиц гаргаж буй. Өөрсдийн нөөцөд тулгуурлаж, өдөр тутмын хэрэгцээг сэргээгдэх эх үүсвэрээс хангах боломж, үүнийг хэрэгжүүлэхэд бодлогын шийдэл болон шаардлагатай технологийн талаар Эрчим хүчний шинжээч О.Бавуудоржтой Энержи Инсайтын Д.Намуунцэцэг ярилцлаа.

Юуны өмнө Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Эрчим хүчний салбарт хуримтлуулсан туршлага, ажилласан чиглэлүүдийнхээ талаар хуваалцахгүй юу?

Миний үндсэн мэргэжил бол хэрэглээний физикч. Их сургуулиа 1998 онд төгссөнөөс хойш 20 гаруй жил тасралтгүй сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байна. Эрдэм шинжилгээний байгууллагаас ажлынхаа гарааг эхлүүлэхдээ нар, салхины нөөцийн судалгаа хийж эхэлсэн. Цаашлаад энэ чиглэлд мэргэшиж, АНУ-д салхины эрчим хүчний сэдвээр магистр, БНСУ-д эрчим хүчний инженерээр докторын зэрэг хамгаалсан. Монголд анхны салхин парк байгуулж болох газруудыг тодорхойлж, салхины нөөцийн зураглал хийх ажилд оролцсон. Тодруулбал, Салхит орчмын салхины нөөцийн урьдчилсан судалгааг гурван жил, Сайншандын салхин паркийн бүсэд хоёр жилийн турш салхины хэмжилт, судалгаа хийсэн. Их сургуулиа төгсөөд удаагүй байхад төрөөс малчдыг дэмжих зорилготой “100 мянган нарны энерги” гэх маш чухал ач холбогдолтой төсөл хэрэгжиж эхэлж билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож ажилласан. Үүний дараа төвийн эрчим хүчний системд ажилладаг томоохон нарны станцын төслүүдэд ажилласан юм. Энэ зурвас үед үүрэг гүйцэтгэх боломж олдсон гэх үү дээ. Цаашлаад хувийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ их сургуульд ч багшилж үзлээ. Мөн Эрчим хүчний яаманд гурав орчим жил сэргээгдэх эрчим хүчний бодлогыг хариуцан ажилласан. Товчхондоо миний ажлын туршлага иймэрхүү байна.

2010 он гэхэд хөдөөгийн бүх айл гэрэлтэй болсон, энэ бол маш том хувьсгал

Төрөөс малчдыг дэмжих зорилготой “100 мянган нарны энерги” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцжээ. Энэ хөтөлбөр зорилгодоо хүрсэн үү?

Тухайн үед манай улсад төвийн эрчим хүчний систем өргөн дэлгэрээгүй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотууд, ойр орчмын хэдхэн сум л тогтой байлаа. Аймаг, сумын төвүүдийн ихэнх нь дизель станцаар ажилладаг. Малчин өрхүүд бараг бүгд лаа хэрэглэдэг байсан цаг үе. Энэ үед Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааны ажлыг эхлүүлж, сэргээгдэх эрчим хүчний анхны технологиудыг Монголд нэвтрүүлсэн. Эхний ээлжид зарим айл өрх, сумдад суурилуулж, туршилт хийсэн хэрэг. Үүний үндсэн дээр төрөөс бүх малчин өрхийг нарны дэлгэцтэй болгох шийдвэр гаргасан юм. Хөтөлбөрийн гол зорилго нь малчин өрхүүдийг тог цахилгаантай болгож радио сонсох, зурагт үзэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байлаа. Ингээд 2010 он гэхэд хөдөөгийн бүх айл гэрэлтэй болсон. Энэ бол маш том хувьсгал. Тухайн үед уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тул НҮБ-аас Монгол Улсыг үлгэр жишээ орон хэмээн дурдаж байлаа. Малчдыг дэмжих уг хөтөлбөрийн үр дүнд сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголт, хэрэгцээг монголчууд анх удаа бодитоор мэдэрч эхэлсэн. Үүний зэрэгцээ биомассын эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр ч тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлбал, малын ялгадсаар био хий гарган авч цахилгаан хэрэгслийг ажиллуулах туршилтуудыг амжилттай хэрэгжүүлж байв. Улмаар Төв аймгийн Сэргэлэн суманд томоохон хэмжээний биомассын үйлдвэр байгуулах ажил эхэлсэн ч дуусгаж чадаагүй. Ерөнхийдөө тухайн үед нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой сэргээгдэх эрчим хүчний төслүүд, томоохон ажлууд өрнөсөн гэж хэлж болно.

Хүйтэн болох тусам нарны дэлгэцийн ашигт үйлийн коэффициэнт сайжирдаг онцлогтой

Өнгөрсөн арванд улс даяар малчдыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгч болгох маш том төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна шүү дээ. Тэгвэл яг үүн шиг том зорилт тавиад Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгч болгох боломжтой юу?

Зарчмын хувьд боломжтой. Технологийн хязгаарлалтууд, горим тохируулга, шугам сүлжээний асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ эдгээрийг шийдэх бүрэн бололцоотой. Дэлхий дээр хаа сайгүй технологийн шийдэл нь байна. Асуудлын гол нь тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан нутагшуулах, иргэдэд хүндрэл багатай байдлаар хэрэгжүүлэхэд оршиж байна. Сэргээгдэх эрчим хүчний ганц сул тал нь анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаг. Харин ашиглалтын зардал маш бага, урт хугацаанд эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй. Үүнтэй харьцуулахад нүүрс нь анхны зардал багатай мэт ч хэрэглээний зардал өндөр, нийгэм, эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө их. Тиймээс иргэдэд хүндрэл багатай санхүүгийн механизмыг л ухаалгаар шийдэх хэрэгтэй байна. Дугуйг нэг л эргэлдүүлчихвэл өөрөө явдаг шиг схем ажиллаад эхэлбэл аяндаа цаашаагаа өөрийгөө аваад явчихдаг гэсэн үг. Мэдээж технологийн хүндрэлүүд гарна. Гарах ч ёстой. Тэдгээрийг даван туулаад л явна. Нөгөө талд мэдээж санхүүжилтийн асуудал бий. Хамгийн гол нь хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй. Иргэд нийтээрээ хүлээн зөвшөөрөх буюу иргэдийн хүсэл эрмэлзэл. Үүнд улс төрийн хүсэл эрмэлзэл нэн чухал юм. Энэ хүсэл эрмэлзэл байхад мөнгө, технологи хоёр шийдэгдэнэ. Хямдхан гээд нүүрсээ түлээд насны эцэст хамаг мөнгөө эмнэлэгт зарцуулах уу, эсвэл бага зэрэг үнэтэй ч цэвэр эрчим хүч хэрэглээд эрүүл амьдрах уу гэдэг сонголт юм. Мэдээж төлбөрийн чадамж хэцүү хэсэгт төр зохицуулалт хийдэг ч юм уу. Шийдэх л ёстой. Улаанбаатар хотын гэр хороолол нь хойд талдаа байрладаг. Энэ нь нарны тусгал сайтай байршил юм. Олон жил судалгаа хийснийхээ хувьд хэлэхэд, өвөл цастай бүрхэг өдөр цөөн, цэлмэг нартай өдөр нь олон байдаг. Нарны тусгал ч илүү шулуухан болоод эхэлдэг. Мөн хүйтэн болох тусам нарны дэлгэцийн ашигт үйлийн коэффициент сайжирдаг нь уг технологийн онцлог юм. Эндээс үзвэл өвлийн улиралд илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ өдөр нь богинохон байдаг нэг асуудал бий. Анхаарах нэг зүйл нь айлууд нарны дэлгэц суурилуулах гэж байгаа бол эхлээд гэр, байшингаа сайн дулаалах хэрэгтэй. Дулаан алдагдалтай байвал төвөгтэй. Ер нь ямар ч тохиолдолд барилгаа дулаалах ёстой.

СЭХ-ийг өргөн хүрээнд хөгжүүлье гэвэл зайлшгүй дулааны салбарт анхаарах шаардлагатай

Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дулаанаа шийдэх боломжтой юу? Ялангуяа шугам, сүлжээний тухайд ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд хөгжүүлье гэвэл зайлшгүй дулааны салбарт анхаарах шаардлагатай. Энэ шилжилтийг хийх цаг нь аль хэдийн болчихсон. Одоо ашиглагдаж буй дулааны шугам сүлжээ үндсэндээ хэвээрээ үлдэж, үүнийг нүүрсний станцууд үргэлжлүүлээд явна. Харин цаашид шинээр баригдах дулааны шугам сүлжээ, мөн гэр хорооллын шинэ хэрэглэгчдийг сэргээгдэхийн эх үүсвэрт холбох боломжтой байдлаар төлөвлөж барьж байгуулах шаардлагатай. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд зарчмын хувьд томоохон өөрчлөлтүүд хийх учиртай. Учир нь нүүрсний станцууд өндөр хэмийн даралттай усыг нарийн хоолойгоор хол зайд түгээх чадвартай. Түүнд тохирсон цогц систем бий. Харин сэргээгдэх эрчим хүчний тухайд үйлдвэрлэж буй дулаан нь ихэвчлэн 100-аас доош хэмтэй, даралт багатай байдаг учраас хол түгээхэд хүндрэлтэй. Иймээс нам даралт, нам температурт суурилсан дулаан түгээх шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Тэгэхээр үүнд зориулж хууль, бодлогын баримт бичигт “нам потенциалтай дулааны технологи”-ийг нэвтрүүлэх боломжийг нээсэн тусгай зохицуулалт, стратеги, дэд бүтцийг тусгах ёстой. Ингэж чадвал цэвэр, тогтвортой дулаан хангамжийн суурь бүрдэх бөгөөд үүнийг дагаад агаарын бохирдол зэрэг олон асуудлууд шийдэгдэх болов уу.

Хамгийн өндөр өртөгтэй нь хийн түлш

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнийг хэр оновчтой шийдэл гэж Та үзэж байгаа вэ? Сэргээгдэхийн эх үүсвэртэй харьцуулбал үнэ өртгийн хувьд ямар байх бол? Энэ талаар хийсэн тооцоо, судалгаа бий юу?

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх зорилт туссан. Миний хувьд хийн түлшний эдийн засгийн бодит өртгийг тооцож, айл өрхүүдийн санхүүд хэрхэн нөлөөлөхийг судалсан. Ингэхдээ төрөөс олгодог бүх төрлийн татаасыг хасаж, хийн түлш, нарны дэлгэц, нүүрс гэсэн гурван хувилбарыг харьцуулсан юм. Тооцооллын үр дүнгээс харахад эдгээр хувилбараас хамгийн өндөр өртөгтэй нь хийн түлш байсан. Хэрэв хийн түлшинд шилжүүлбэл, эмзэг бүлгийн өрхүүдийн сарын орлогынх нь ойролцоогоор 50 хувь зөвхөн үүний төлбөрт зарцуулагдахаар байна. Мэдээж, төрөөс дэмжлэг, татаас үзүүлэх байх. Харин айл өрхүүдэд хамгийн бага санхүүгийн ачаалал үзүүлэх шийдэл нь нарны дэлгэц байгаа юм. Энэ нь нэг өрхийн сарын орлогын 10-20 хувийг эзэлж байсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн нарны эрчим хүчний сул тал нь анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр. Гэсэн хэдий ч цэвэр технологид суурилсан шийдлүүд урт хугацаанд эдийн засгийн хувьд илүү хямд, үр ашигтай болох нь тодорхой харагдаж байна. Сүүлийн жилүүдэд нарны зайн үүсгүүрийн үнэ мэдэгдэхүйц буурсан бөгөөд их хэмжээгээр худалдан авбал илүү ч буурах боломжтой. Харин батарей, инвертер зэрэг тоног төхөөрөмжүүдийн үнэ харьцангуй өндөр хэвээр байгаа нь нийт хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл болж байна.

Манай орны сүлжээний нягтрал багатай бүсүүдэд тэр дундаа хөдөө орон нутагт ямар боломжууд байгаа вэ? Цахилгаан, дулааныг дан СЭХ-ээр шийднэ гэдэг хэр бодитой вэ?

Урд талд байрладаг говийн сумдыг 100 хувь нарны эрчим хүч рүү шилжүүлэхэд хүндрэлгүй гэж бодож байна. Тэнд харьцангуй дулаахан шүү дээ. Бүр хүйтэрвэл хоёр сар л нүүрс түлээд бусад үед нь нараар шийдэж болно. Харьцуулаад үзвэл 5-6 сар нүүрс түлэх, 1-2 сар нүүрс түлнэ гэдэг хоорондоо асар том ялгаатай. Өвлийн улиралд сумдын утаа Улаанбаатарынхаас ялгаагүй зарим тохиолдолд илүү байдаг. Тэнд амьдарч буй хүмүүс ижилхэн эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн үг. Тиймээс эхний ээлжид туршилтаар нэг сумыг сонгоод хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ явцад хэрхэн хийх технологийн шийдэл нь гараад ирнэ. Үүний дараа бусад сумандаа хэрэгжүүлэхэд ямар ч асуудалгүй болно. Үүн дээр одоогоор маш олон судалгааны багууд зэрэг ажиллаж байгаа. Эдгээрийн үр дүн тодорхой болсны дараа Эрчим хүчний яамнаас эрчим хүчний шилжилтийн стратегийг боловсруулж, эцэслэнэ байх гэж бодож байна. Үүний дараа төслүүдээ хэрэгжүүлж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.

Таны хувьд салбарын хөгжлийг хамгийн их хязгаарлаж байгаа зүйлийг юу гэж хардаг вэ?

Хамгийн чухал зүйл бол судалгаа юм. Эрчим хүчний салбар гэлтгүй бүхий л салбар судалгаанд үндэслэж, хөгжих ёстой. Манайд бүх шатандаа үүнийг тоохоо больчихсон. Тийм учраас гаргаж байгаа шийдвэрүүд нь урт хугацаандаа тогтвортой байж чаддаггүй. Судалгаа дутуу, үндэслэлгүй шийдвэр гаргаснаар бодит байдал дээр таамаглаагүй асуудлууд гарч ирдэг. Төрийн шийдвэрийг яарч гаргаж болохгүй. Эхлээд үндсэн судалгаагаа хийж, бүх эрсдэл, хүндрэлүүдийг урьдчилан тооцсон байх ёстой. Олон нийтэд таалагдахгүй байна гээд шийдвэрээ өөрчилдөг нь дутуу судалгаа хийсэнтэй холбоотой. Түүнчлэн шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлд бус, мэргэжлийн хүмүүс, инженерүүдийн зөвлөмж, туршлагад тулгуурлах хэрэгтэй. Манай эрчим хүчний салбарын хувьд өнгөрсөн зууны үед судалгааг сайн хийдэг байсан. Үүгээрээ бараг 2020 он хүртэл явчихсан. Гэтэл одоо ул суурьтай судалгаа хийх эрдэм шинжилгээний байгууллагагүй болчхоод байна.

Монгол Улс сэргээгдэхээр дотоодын хэрэглээгээ хангахаас гадна эрчим хүч экспортлогч орон болох боломжтой гэдэг. Олон нийтийн зүгээс өвөлдөө цахилгаан хязгаарладаг, хот хөлдөх ч зарим эрсдэлүүд байхад боломжгүй зүйл ярилаа гэж шүүмжилдэг?

Эрчим хүч экспортлох тухайд боломж бол хязгааргүй. Миний хүслээр болбол говийн сумдаар нар, салхины станц байгуулаад, түүнийгээ урд хөршдөө экспортлоод амьдрахад ямар ч асуудалгүй. Техникийн хувьд ч бололцоотой. Ганц хэцүү зүйл нь хил давж наймаа хийх тухай. Хэрэв хоёр улсын Засгийн газар тохироод, манайхаас баталгаатай эрчим хүч авна гэвэл станц барих хувийн компаниуд маш олон байна. БНХАУ-ын Засгийн газрын бодлого их чухал нөлөөтэй байгаа юм. Харин сэргээгдэхээр дотоодын хэрэгцээгээ хангах тухайд горим тохируулгын асуудлаа шийдчихвэл болно. Хийн станц ч барих боломжтой. Хамгийн гол нь зохистой харьцаагаа олох ёстой. Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь биш юм гэхэд 80 хувьд хүргэхэд асуудалгүй харагдаад байгаа. Манай улсад одоогоор гангийн, хөнгөн цагааны ч юм уу томоохон хэмжээний үйлдвэр байхгүй учраас их боломжийн. Цаашдаа бүс нутагтаа ч өрсөлдөж болно. Энэ бол улс төрийн шийдэл. III ДЦС дээр гэмтэл гарахад хот хөлдөх үү гэж маш олон хүн надаас асууж байсан. Миний хариулт бол хөлдөхгүй, гэхдээ өвөл жаахан даарч магадгүй шүү гэж хэлдэг. Үнэхээр чадал нь хүрэхээ больчихвол температурыг нь бууруулна. Түүнээс биш хөлдөх тухай асуудал биш. Манай эрчим хүчний салбарын инженер, техникийн хүмүүс маш чадварлаг. Үнэхээр хүнд нөхцөлд, хүнд төхөөрөмжөөр сайн аваад явж байна. Үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тооцоолж байгаа шүү дээ.

Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэж, олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Энэ дунд эрчим хүчний салбарын хүлэмжийн хийг бууруулна, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ гэх зорилтууд бий. Тэгвэл эдгээр зорилтоо биелүүлж чадах уу?

Эхлээд түүх сөхөх хэрэгтэй болж байна. Монгол Улс 2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрөө баталж, тухайн үедээ маш том амбицтай зорилтууд дэвшүүлсэн. Тухайлбал 2020 он гэхэд нийт хэрэглээний эрчим хүчний энергийн 20 хувь, 2030 он гэхэд энергийн 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилттой. Үүндээ хүрэхийн тулд шаргуу ч ажилласан. Гэвч 2010-аад онд нөхцөл байдлаа бодитоор үнэлээд, маш том зорилт байсан гэдгийг бус суурилагдсан хүчин чадлаар нь хэмжихээр болсон. Энэ нь өмнөх зорилтын түвшнээс хоёр дахин буурсан гэсэн үг. Дараа нь эдгээр зорилтууд Ногоон хөгжлийн үзэл баримтлал, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан. Харин “Алсын хараа-2050” батлагдахад салбаруудын баримт бичгүүд автоматаар хүчингүй болсон. Тэгэхээр үндсэндээ энэ зорилтууд эрх зүйн сууриа алдсан. Харин 2020 онд суурилагдсан хүчин чадлын 20 хувьд бараг л хүрсэн. Нийтдээ 19.7 хувьд хүрсэн байдаг. Гэхдээ нүүрсэн станцуудын өргөтгөлөөс болоод энэ хувь, хэмжээ нь буцаад багассан. Одоо яг энэ байдлаараа 2030 онд 30 хувьд хүрнэ гэдэг нэлээд хүндрэлтэй байгаа. Ирэх таван жилд ойролцоогоор 2 ГВт гаруй нүүрсний станцууд ашиглалтад орохоор болж байна. Харин сэргээгдэхийн хувьд ойрын ирээдүйд баригдах том хэмжээний станцууд хязгаарлагдмал байна. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж байгаа ч 2030 оноос өмнө амжиж ашиглалтад орох уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнээс гадна 300 МВт усан цэнэгт станцын барилгын ажил явагдаж байна. Энэ ажлыг их хурдтай хийж гүйцэтгэвэл 2030 оноос өмнө ашиглалтад орох магадлалтай. Гэхдээ усан цэнэгт станц бол эрчим хүчний эх үүсвэр биш хуримтлуулах станц юм. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдагдсан сэргээгдэхийн төслүүдийг харахад энэ зорилтдоо хүрэхгүй байх магадлал өндөр. Тиймээс маш шаргуу бөгөөд хурдтай ажиллах шаардлагатай.

Сэргээгдэх гэхээр нийтлэгээр нар, салхи гэж ойлгодог. Манай улсад өөр ямар эх үүсвэрүүдийг хөгжүүлэх боломжтой вэ?

Сэргээгдэх эрчим хүч нь хэд хэдэн төрөлд хуваагддаг. Тэдгээрийн нэг болох биогазыг малын ялгадаснаас гаргаж авч, хөгжүүлэх бололцоотой. Гэхдээ манай орны бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан малын ялгадсыг хол зайнаас цуглуулахад хүндрэлтэй байдаг нь гол бэрхшээл болж байна. Харин хөдөөгийн айл өрхүүд үүнийг түлш болгон ашигладаг нь биомассыг ахуйн түвшинд хэрэглэж буй нэгэн хэлбэр юм. Үүнээс гадна биогазыг дулаан нөхцөлд үйлдвэрлэдэг онцлогтой. Харин манай орны уур амьсгал хүйтэн тул технологийн хувьд зарим хүндрэл үүсэж болзошгүй юм. Мөн Улаанбаатар хотын бохироос биомасс гаргаж авах гэж олон удаа оролдсон ч амжилт олоогүй. Одоогийн байдлаар тухайн бохирт таарсан бактерын омгийг олоогүй байх шиг байна. Дараагийн нэг боломжит эх үүсвэр нь хог хаягдлаас эрчим хүч гарган авах арга юм. Сүүлийн үед энэ талаар хүчтэй яригдах болсон. Хэд хэдэн үйлдвэр ч баригдаж байна. Гэхдээ олон том үйлдвэрүүд барих боломжгүй. Манайд хүн ам цөөн учраас хог хаягдлын нөөц хязгаарлагдмал. Олон жил болсон хог чанарын шаардлага хангахгүй. Ялзраад, удчихвал дотор нь байгаа энергийн агууламж нь багасдаг. Мэдээж өөрсдийнхөө нөөц бололцоонд тааруулаад хөгжүүлээд явах боломжтой. Түүнчлэн усны эрчим хүч байгаа ч нөөц нь зарим талаараа хязгаарлагдмал гэж үздэг. Учир нь байгаль орчинд үзүүлэх нөлөө, мөн зарим гол мөрөн улсын хил даван урсдаг нь бодит хүндрэл болдог. Харин сүүлийн жилүүдэд хил дамнадаггүй, дотоодын буюу эх оронч голууд дээр усан цахилгаан станц байгуулах чиглэлд анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачид хамтран судалгааны нэгдсэн концепци боловсруулсан. Тус судалгаагаар 2 ГВт хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нарийвчилсан судалгааны үр дүнгээс харахад уг төсөл нь концепцийн түвшинд хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн газрын гүний дулааныг ашиглах боломжтой. Энэ нь дотроо хоёр төрөлд хуваагддаг. Зарим хүмүүс хөрсний дулааныг газрын гүний дулаантай андуурах тохиолдол байдаг. Хөрсний дулаан гэдэг нь газрын гадаргаас ойролцоогоор 100 метр хүртэлх гүнд хуримтлагдсан дулааныг хэлдэг. Энэхүү эх үүсвэрийг манай орны говийн бүсийн зарим сумдад ашиглах боломжтой боловч анхны хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр байдаг. Харин геотермаль эрчим хүч нь газрын гүн дэх цөмийн задрал болон дэлхийн цөмөөс дамжин ирэх дулааны энерги дээр суурилдаг бөгөөд нөөцийн хувьд илүү их боломжтой гэж үздэг. Энэхүү эх үүсвэрийг ашиглах нэг сонирхолтой шийдэл нь байршлаас үл хамааран хэрэглэх боломжтой хэт гүний дулааны насосын технологи юм. Уг технологийн хувьд ойролцоогоор 2 км орчим гүнд өрөмдлөг хийж, дулаан солилцох системийг байршуулдаг. Энэ чиглэлийн судалгаа, хөгжүүлэлт манай улсад эрчимжиж байна. Тухайлбал, Шинэ Хархорин хотын төлөвлөлтөд геотермаль дулааныг ашиглах боломжийг судалж байгаа. Мөн Улаанбаатар хотод геофизикийн хайгуул, судалгаа явуулж туршилтын өрөмдлөг хийсэн бөгөөд ойрын хугацаанд үр дүн нь гарах төлөвтэй байна. Геотермаль эрчим хүч нь маш ирээдүйтэй эх үүсвэрийн нэг гэгддэг. Европын зарим улс орон дулаан хангамжийнхаа тодорхой хэсгийг энэ аргаар амжилттай шийдсэн жишээ бий.

Тэгвэл дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний ямар шинэ чиг хандлагууд гарч байна вэ?

Олон улсын эрчим хүчний салбарт сонирхолтой үйл явдлууд, эсрэг чиг хандлагууд зэрэгцэн өрнөж байна. Нэг талаас сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлт эрчимтэй явагдаж, ялангуяа Европын орнууд болон манай урд хөрш болох БНХАУ энэ чиглэлд томоохон ахиц гаргаж байна. Зарим улс орон 3-4 хоногийн турш дан сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчээ хангаж ажилласан жишээ ч бий. Энэ нь төрөл бүрийн сэргээгдэх эх үүсвэрийг хослуулан ашигласны үр дүн юм. БНХАУ ойрын хугацаанд гангийн үйлдвэрлэлээ “ногоон” болгох стратегийн зорилт дэвшүүлэн, үүний төлөө идэвхтэй ажиллаж байна. Ойрын 10 жилийн дотор ногоон гангийн үйлдвэрлэл болох байх гэж бодож байна. Энэ нь нэг талаараа манай улсын хувьд нүүрсний экспортын зах зээл хумигдах эрсдэлийг дагуулах магадлалтай. Нөгөө талаас, АНУ-ын засаг захиргаа нүүрсний цахилгаан станц барих асуудлыг дахин хэлэлцэж, өнгөрсөн жил шинэ станц барих дуудлага худалдаа хүртэл зарласан. Харин нүүрсний станц барих сонирхолтой компани олдоогүй нь хувийн хэвшлийн зүгээс нүүрсийг өндөр өртөгтэй, урт хугацаанд тохиромжгүй шийдэл гэж үзэж буйтай холбоотой. Энэ үед Европын улс орнууд нарны эрчим хүчийг зөвхөн цахилгаан бус, дулааны зориулалтаар ашиглах шийдлийг амжилттай хэрэгжүүлж байна. Нарны эрчим хүч гэхээр ихэвчлэн нарны дэлгэц гэж ойлгодог ч үүнээс гадна коллектор ашиглан дулаан үйлдвэрлэх технологи бий. Энэхүү технологиор зуны улиралд гарган авсан дулааныг газрын гүнд байрлах усан сангуудад хуримтлуулж, өвлийн улиралд халаалтад ашигладаг. Европын хэд хэдэн хот энэ шийдлийг бүрэн нэвтрүүлсэн. Манай орны хувьд уур амьсгал харьцангуй хүйтэн тул энэхүү технологийг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалт бий. Гэсэн хэдий ч зохистойгоор нэвтрүүлж чадвал халаалтын улирлын үргэлжлэх хугацааг мэдэгдэхүйц богиносгож, улмаар нүүрс түлэх хугацаа, хэмжээг багасгах бодит боломжтой юм.

Ярилцсанд баярлалаа.