Аукционы давлагаа
Аукционы арын өөрчлөлт
Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл энэ жил уламжлалт хэвшлээс арай өөрөөр өрнөж байна. Өвлийн оргил ачааллаас урьтаж шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулж, шинэ холболтоор системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаас гадна цахилгаан импортлох шинэ гарц нээгдсэн нь энэ жилийн онцлог юм.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан 220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор өмнөд хөршөөс 80 МВт хүртэл чадал импортлох боломж бүрдэв. Үүнийг өвлийн оргил ачааллын дарамтыг бууруулахын сацуу өмнийн говийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нэгэн суурь дэд бүтэц хэмээн үзэж байна.
Өвөлд бэлдсэн эдгээр өөрчлөлтөөс хамгийн сонирхолтой нь сэргээгдэх эрчим хүчний аукцион. Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улс анх удаа аукцион зохион байгуулж, Төвийн бүсийн таван байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийн бие даасан үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулсан. 4.85-7.80 ам.цент/кВт.цагийн хооронд үнэ тогтож, дундаж нь 5.98 ам.цент болсон нь анхаарал татсан үр дүн байв. Гэхдээ одоохондоо үнээс илүүтэйгээр эрчим хүчний эх үүсвэрүүд цаг хугацаандаа баригдаж, сүлжээнд холбогдох эсэхээр аукционы үр дүн хэмжигдэхээр байна.
Гэхдээ Эрчим хүчний яам энэ үр дүнг хүлээлгүйгээр дахин дөрвөн багц аукцион зарлахаар бэлтгэл ажилдаа оржээ. Анхныхыг оруулаад, нийтдээ таван багцаар 1,134 МВт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, 1,540 МВт.цагийн батарей хуримтлуур шинээр бий болгохоор төлөвлөөд байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдлээр хязгаарлагдахааргүйгээр системийн өөрчлөлтийн илүү өргөн агуулгыг хамарч байна. Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ, Баруун болон Зүүн бүсийн төвлөрсөн системээс алслагдсан онцлог, сумдын урт шугамын хамаарал гээд хэрэглээ болон сүлжээний онцлогт тохирсон шийдлийг өрсөлдөөнөөр сонгохыг зорьж байгаа аж.
Аукционтой хамт өөрчлөгдөж буй өөр нэг хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын тогтолцоо юм. Төр өөрөө эх үүсвэр барьдаг загвараас шаардлагатай хүчин чадлаа тодорхойлж, түүнийг бий болгохын төлөө хувийн хэвшлийг өрсөлдүүлдэг зах зээлийн зарчимд шилжих эхлэл рүү явж байна. Энэхүү өөрчлөлтийг харгалзан аукционыг гол сэдвээ болгон онцолж байна.
Түүнчлэн энэ дугаарт 60 жилийн ойгоо тэмдэглэж буй “Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-д зориулсан тусгай секц багтлаа. Тайширын УЦС, нарны болон бага чадлын усан эх үүсвэрүүд, урт дамжуулах шугам, улирлын хэлбэлзэлтэй хэрэглээ, усны нөөц, горим тохируулга гээд бүс нутгийн эрчим хүчний олон сорилт энд нэг дор төвлөрдөг онцлогтой. Орон нутгийн эх үүсвэрийн үнэ цэн, бүс нутгийн онцлогт нийцсэн бүтэц, сэргээгдэх эрчим хүчийг системд уялдуулах шийдлийг Алтай-Улиастайн 60 жилийн туршлагаас харж болохоор байна.
Өнгөрсөн 60 жилийн туршлага ч, өнөөдөр эхэлж буй аукционы шинэ механизм ч нэг л асуултын эргэн тойронд огтлолцож байгаа нь Монголын эрчим хүчний хэрэгцээт шинэ хүчин чадлыг хаана, ямар бүтэцтэйгээр бий болгож, системд хэрхэн найдвартай нэгтгэх вэ? гэдэг юм. Энэ асуултын хариуг өнгөрсөн туршлага, шинэ бодлогын огтлолцлоос эрэлхийлсэн шинэ дугаараа Энержи Инсайт Уншигч танаа өргөн барьж байна.
