ESight - Эрчим хүчний салбар дахь өөрчлөлтийн хандлага
E-Sight
Эрчим хүчний салбар дахь өөрчлөлтийн хандлага
Н.Ариунтуяа
Үүсгэн байгуулагч

Эрчим хүчний салбар дахь өөрчлөлтийн хандлага

Эрчим хүчийг онилсон 115 дохио

Монголын эрчим хүчний салбарын тухай яриа олон жилийн турш алдагдал, хомсдол, үнэ тариф, импортын хараат байдал гэсэн хэдхэн үгээр тодорхойлогдож ирсэн билээ. Хэрэглээ жилээс жилд өссөөр тэрхүү эрэлтийг хангах учиртай шинэ эх үүсвэрүүд төлөвлөлт, санхүүжилтийн шатандаа олон жил цаасан дээр гацсаар ирэв. Асуудлыг шийдэх тухай яриа ихэвчлэн “санхүүжилт байхгүй” гэсэн хариултаар дуусдаг байлаа.

Харин өнөөдөр бид шал өөр дүр зураг, хандлагыг харж эхэлж байна.

Засгийн газраас энэ сард таван байршилд эрчим хүчний эх үүсвэр барих төслүүдэд сонирхол илэрхийлэх хүсэлт зарлахад нийт 115 этгээд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Үүний 54 нь дотоодын компани бол бусад нь гадаадын хөрөнгө оруулагчид, консорциум болон хамтарсан бүтэцтэй оролцогчид байна. Энэ нь Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол бодитой байгааг харуулж буй үзүүлэлт юм. Асуудал хөрөнгө оруулагчгүйдээ бус, харин хөрөнгө оруулалт татах бодлого, зохицуулалтын орчиндоо байсан бололтой.

Нэг талаас Бөөрөлжүүт цахилгаан станц олон улсын хөрөнгий зах зээлээс 300 сая ам.долларын бонд татан төвлөрүүлж, Монголын эрчим хүчний төсөл олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг татаж чадахыг харууллаа. Нөгөө талаас нийслэл хот болон зарим нэг аймаг бондын санхүүжилтээр эрчим хүчний төслүүдээ хөдөлгөж эхэлснээр салбарт санхүүжилтийн шинэ мөчлөг ирснийг харуулж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт олон арван шинэ төсөл хэрэгжихээр төлөвлөгдөж байна.

Эдгээр үйл явдлаас нэг л зүйлийг тодорхой харж болохоор байна. Энэ нь Монгол Улс эрчим хүчний хомсдол, дутагдлын тухай ярихаас илүүтэйгээр шинэ хөрөнгө оруулалт, шинэ санхүүжилтийн эх үүсвэрүүдийн тухай ярьж эхлэх босгон дээр ирсэн явдал.

Гэхдээ сонирхол илэрхийлсэн 115 хүсэлт шууд цахилгаан үйлдвэрлэчихгүй. Тэдгээрийг бодит бүтээн байгуулалт, бодит үйлдвэрлэл болгоход ойлгомжтой зохицуулалт, шуурхай шийдвэр гаргалт, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах тогтвортой бодлого чухал юм. Учир нь эрчим хүчний асуудал хөрөнгө оруулагч олдох эсэхдээ биш харин бий болсон боломжийг бодитой үр дүн болгон хувиргах чадвартай шууд холбоотой болж байна.

Энэ 115 хүсэлт бол Монголын эрчим хүчний ирээдүйд найдвар тавьж буй 115 дохио. Монголын эрчим хүчний салбар шинэ шатанд гарч буйн хамгийн тод илэрхийлэл юм.

Тиймээс “Энержи Инсайт" сэтгүүл тавдугаар сарын дугаартаа эрчим хүчний салбарт өрнөж буй энэ өөрчлөлтийн хандлагыг онцоллоо.