1.6 тэрбум ам.долларын асуулт
Сүүлийн арван жилд Монгол Улс эрчим хүчний импортод 1.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. 2016-2025 онд нийт 19.9 тэрбум кВт. цаг цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө импортолсон байна. Энэ нь өртгийн хувьд ДЦС-5 шиг хоёр станц барихтай дүйцэхүйц хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, импортод зарцуулсан энэхүү мөнгө дотоодын томоохон эх үүсвэрийг бүтээн байгуулах хэмжээний нөөц байжээ. Энэ бол ердийн нэг статистик биш, харин Монголын эрчим хүчний салбарт өгч буй сигнал юм.
Эрчим хүчний импортын өсөлт Монгол Улсад дотоодын үйлдвэрлэлийн шинэ үе эхлэх шаардлагыг сануулж байна. Тиймээс ч “Энержи Инсайт” сэтгүүл тэргүүн нийтлэлдээ сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын импортолсон цахилгаан эрчим хүчний мэдээллийг нэгтгэсэн юм. Уг мэдээллээс харахад эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж, харин дотоодын үйлдвэрлэлийн чадавх тэр хэрээр нэмэгдэж чадаагүйгээс импорт цаашид ч тогтмол өсөх хандлагатай байна. Импорт нэмэгдэхийн хэрээр санхүүгийн дарамт өсөхөөс гадна эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдал улам эмзэг болж байна.
Энэ нь Монгол Улсад бодлогын шинэ шийдэл шаардлагатайн илэрхийлэл юм. Сүүлийн арван жилд импортын эрчим хүчинд зарцуулсан 1.6 тэрбум ам.доллар нь өнгөрсөн хугацааны дүр зургийг бодитоор харуулж байгаа бол ирэх арван жил ямар байх вэ гэдэг асуултын хариулт нь өнөөдөр гаргах бодлого, шийдлүүд билээ. Ийм нөхцөлд салбарын шинэчлэл, хөгжлийн гарцын талаар мэргэжилтнүүдийн байр суурь, ул суурьтай судалгаа, дүгнэлтийг олон нийтэд хүргэх нь чухал юм. Тиймээс ШУТИС ийн судлаач, доктор Д.Үлэмжтэй хийсэн ярилцлагыг онцолж байна. Тэрээр Монголын эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний дутагдлын шалтгаан, түүнээс гарах боломжит шийдлүүдийн талаар судлаачийн байр сууринаас хараат бус санал, дүгнэлтээ хуваалцсан юм.
Манай сэтгүүл цаашид эрчим хүчний салбарын бодлого, хөгжлийн асуудлаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэх тусгай буланг тогтмол үргэлжлүүлэх бөгөөд энэ ярилцлага “Бодлого ба шийдэл” булангийн эхлэл болж байна.
УИХ-аас тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх бодлогын чиглэлийг баталсан нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх, эрчим хүчний системийг илүү уян хатан болгох боломжийг нээж байгаа. Гэвч бодит хэрэгжилт дээр сүлжээний зохицуулалт, тарифын бодлого, техникийн стандарт, зах зээлийн механизм гээд шийдвэрлэх асуудлууд олон байна. Мөн энэ чиглэлд тэнцвэртэй мэдээлэл харьцангуй хомс байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хязгаарлаж байна. Тиймээс тархмал эх үүсвэрийн хөгжилтэй холбоотой шийдвэрүүд, боломж, сорилт тойрсон цогц мэдээллийг нэгтгэн хүргэхэд тусгай секцээ зориуллаа.
Шинэ эх үүсвэрүүдийг байгуулах, системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, тархмал эх үүсвэрийг бодитой хөгжүүлэх зэрэг олон асуудал Монголын эрчим хүчний салбарт шийдлээ нэгэн зэрэг шаардаж байна. Харин тэрхүү шийдэл зөвхөн технологи, хөрөнгө оруулалтын асуудлаар хязгаарлагдахгүй бодлого, зохицуулалт, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагад суурилах учиртай. Ийм бодит хэлэлцүүлэг, шийдлийн эрэлд чиглэсэн шинэ дугаараа уншигч танд өргөн барьж байна.
