Хүйтэн бодлогод сөхрөөгүй дулааны салбар
Есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвлийн их ачаалалд эрчим хүчний салбар бэлэн гэдгийг Салбарын сайд мэдэгдсэн. Улаанбаатар хотод агаарын температур -35 хэмээс доош хүйтэрсэн нөхцөлд дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, эх үүсвэрээс алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэйг тэрээр нуусангүй.
Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг III ДЦС-ад гарсан аваар ослын уршгийг арилган хэвийн ажиллагаанд оруулах засвар ид үргэлжилж байна. Оргил ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн засварын ажил бүрэн хийгдвэл тус станцын дулааны үйлдвэрлэл 100 хувь, харин цахилгаан 50 орчим хувьд үйлдвэрлэл явуулж хэрэглэгчид нийлүүлэх техникийн боломжтой болно. Тэгвэл нэмэлт чадлын хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт бүхий II блокийг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгах хүлээлттэй байна. Эрчим хүчний салбарын оргил ачаалал 1800 МВт хүрэх, үүний 1100 МВт-ыг дотоодын эх үүсвэрээс, 180 МВт-ыг батарей хуримтлуураас, 30 МВт-ыг СЦС-аас авах бол 300 МВт-ыг импортолж хэрэглээг хангахаар ЭХЯ тооцоолжээ.
Эрчим хүчний реформын томоохон хэсэг дулаантай холбоотой. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ цаг үед ESight сэтгүүл Монгол Улсын дулаан хангамжийн сэдвийг онцолж, салбарын шинэчлэл, мөн тодорхой шийдэлд чиглэсэн санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем, тэр дундаа дамжуулах, түгээх шугам сүлжээнд тулгарч буй асуудлуудыг хөндөв. Ганц жишээ дурдахад, нийслэлийн дулааны 71 км шугамын насжилтын хугацаа дуусжээ.
Реформын хүрээнд боловсруулсан, УИХ-ын Намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буй Дулаан хангамжийн анхдагч бие даасан хуулийн төсөлд тусгасан зохицуулалтууд, тус салбарт ухаалаг сүлжээний суурийг тавих өөрчлөлтийн тухай “Дулааны салбарт хүлээгдэж буй шинэчлэл” нийтлэлээс уншина уу. Дулаалгаар утааг шийдэх зорилготой “Дулаанбаатар” аяныг санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Өнөөг хүртэл хэрэглээг дэмжсэн буюу дан шатдаг, түлдэг, замхраад алга болчихдог зүйлсэд төрөөс татаас олгож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж ирснийг өөрчлөх ёстой” гэж үзэн ямар тооцоолол, боломж буйг ярилцлагадаа өгүүлсэн юм. Мөн сэтгүүлийн энэ удаагийн дугаараас ахуйн хэрэглэгч, ялангуяа гэр хорооллын айл өрхүүдийн дулааны асуудлыг шийдвэрлэж агаарын бохирдлыг бууруулахаар манай улсад хэрэгжиж буй олон улсын байгууллагуудын “ногоон” төслүүдтэй танилцаарай.