ESight - Шинэ Засаг, хуучин сайд
E-Sight
Шинэ Засаг, хуучин сайд
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Шинэ Засаг, хуучин сайд

Шинэ Ерөнхий сайд ажлаа эрчим хүчний асуудлаас эхэллээ. Албан үүргээ авмагцаа эхний өдөр III ДЦС-ын ослын дараах нөхцөл байдалтай танилцаж, Эрчим хүчний яаман дээр салбарын удирдлагуудттай уулзалт хийв. Стратегийн онцгой энэ салбар “олон толгойтой” байж болохгүйг анхаарууллаа. Эрчим хүчний салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоог багасгах, үргүй зардлыг хасах, шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах чиглэлд боловсруулсан саналаа наймдугаар сарын 15-ны дотор багтаан Засгийн газарт танилцуулахыг үүрэгдсэн юм. 

Сүүлийн 20 жилд эрчим хүчний салбарт ашиг сонирхол, албан тушаалын зөрчлөөс үүдэн шинэ станц барьж байгуулах асуудал гацсаар ирсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байна. Тиймээс салбарыг том зургаар харж, шийдэл гарцыг хайж байгаа учир Б.Чойжилсүрэн сайдыг улираан томилсноо мэдэгдэв. Ингэж эрчим хүчний салбарт бугшсан асуудлууд шийдвэрлэгдэнэ хэмээн тэрээр үзэж байна. Шинээр эмхлэгдсэн Засгийн газрын тэргүүн эрчим хүчний сайдад 100 хоногийн даалгавар өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний чиглэлээр баримтлах бодлогоо “Эдийн засгийн форум” дээр зарлав. Солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэхдээ “Эрчист Монгол” хөтөлбөрийг онцлон, Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байгааг цохон тэмдэглэсэн юм. 

“Энержи Инсайт” сэтгүүлийн энэ удаагийн дугаартаа Ерөнхий сайдын эрчим хүчний салбарт баримтлах бодлого, УИХ-ын чуулган дээр илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. Айсуй өвөл хот хөлдөх үү, дулаан, цахилгааны хангамж яах вэ гэдэг эрсдэлтэй нөхцөл үүссэнийг тэрээр сануулсан. Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Үндэсний аюулгүй байдал, нууцын асуудалд хамаарах бөгөөд хот хөлдөх, эс хөлдөх асуудалд нухацтай хандах ёстойг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа ярилцлагдаа өгүүлсэн. 2026 оны нэгдүгээр сард дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэх төлөвтэй. Тэгвэл өнгөрсөн онд цахилгааны үнийн шинэчлэл айл өрхүүдийн орлогод хэрхэн нөлөөлсөн судалгааны талаар "Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн"-гийн захирал, доктор Б.Түвшинтөгсийн ярилцлагаас уншина уу. Мөн сэтгүүлийн дугаарт өнгөрсөн 30 жилд үе үеийн Засгийн газар, тэр дундаа эрчим хүчний салбарыг удирдсан хэн сайдын үед ямар төсөл, гэрээ хэлэлцээрүүд үзэглэгдэж, эх үүсвэрүүд ашиглалтад орж байсныг тоймлон зураглав.